Friday, September 18, 2015

УРГИЙН БИЧГИЙГ ХЭРХЭН ХӨТЛӨХ ВЭ?

Зөвлөмж 1:
Ургийн бичгээ   (угийн бичиг ) хөтлөхөөр шийдсэн бол юуны түрүүнд ургийн бичиг хэрхэн хөтлөх тухай дараах зөвлөмж, гарын авлага, ном бүтээлийг харчихад илүүдэхгүй. Үүнд:
  •          Монгол улсын засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 8-ны 17-р тогтоолоор батлагдсан “Угийн бичиг хөтлөх журам” Угийн бичиг хөтлөх журам
  •       Монголын нууц товчоо
  •      Ж.Батсуурь, Э.Энхмаа нарын “Монгол улсын иргэн угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн заавар” УБ.,2010
  •      Г.Дашням, А.Очир нарын “Монголчуудын угийн бичиг түүнийг сэргээн хөтлөх нь”УБ.,1991
  •        Зээрднүүд овогт Төмөрбаярын Батбаяр, Яргай овогт Цамбын Түвшинтөгс нарын боловсруулсан ургийн бичиг хэрхэн хөтлөх талаар загварчилсан арга
  •      Ж.Раднаабазар “Угийн бичиг” УБ., 2008
  •       Бусад мэдээллийн цахим эх сурвалжууд

     Зөвлөмж 2
      Мэдээлэл цуглуулах. Энэ бол ургийн бичиг хөтлөгчийн хамгийн чухал,  хамгийн том ажил байдаг.  Ингэхдээ та өөрийн мэдэх өвөг дээдсээсээ наашлаад өөрийн төрүүлсэн хүүхэд хүртэлх ясан болон цусан төрөлд хамаарах төрөл, садангийн хүмүүсийн мэдээллийг тус бүрийн онцлогоор нь баттай мэдээлэл, эх сурвалжуудын хамт бичиж, тэмдэглэн авах нь зүйтэй. Мэдээллийг аль болох эх сурвалжид тулгуурлан цуглуулах нь удмын түүхэнд эндүү ташаа мэдээлэл орохоос сэргийлж чадна.
     Удмын түүхийн мэдээллийг "Угийн бичиг хөтлөх журам"-ын хавсралтын 3 дахь хэсгийг үндэслэн цуглуулах нь зүйтэй юм.
     Мэдээлэл цуглуулах өөр нэг суваг нь Үндэсний төв архивын газар юм.
     Үндэсний архивын газарт тайж, ноёдын угсаатай холбогдолтой бичиг баримтууд, мөн хүн амын тооллогын баримтууд хадаглагдаж байдаг. Тайж, ноён язгууртай  хүмүүсийн угийн бичиг хадгалагдан  үлдсэн байдаг  боловч жирийн  хүний угийн бичгийн тэмдэглэл байдаггүй. Гэхдээ  тухайн хүнтэй холбогдолтой, түүний гэр бүлийн гишүүдийн нэрс зэрэг мэдээллийг хүн амын тооллогын баримтуудаас авах боломжтой юм. Үндэсний төв архивын сан хөмрөгт 1918, 1921-1929, 1933, 1944, 1947, 1956, 2000 оны Монгол улсын хүн амын тооллогын баримт хадгалагдаж байна.
Гэр бүл, садан төрлийнхний гэрт байдаг фото зураг, бичиг баримт, хуучны дурсгалын зүйлс дээрх нэр, он сарыг анхааралтай ажиглах, таньж, мэдэхгүй хүний нэр байвал түүнийг дараа бусдаас лавлаж асуухаар тэмдэглэж авна. Хол, ойрын хамаатан садангууд ялангуяа хамгийн өндөр настай, ахмад хүмүүстэйгээ уулзахдаа өөрийнхөө мэдэхгүй байгаа  зүйлсээ асууж, тэмдэглэх. Тэгэхдээ настны дурсамжийг сэргээхээр фото зураг, дурсгалтай эд зүйлсийг авч очиж болох юм. Настнаас хамаатан садныхаа нэр, хаана ажил хийдэг байсан , хэдэн хүүхэдтэй байсан мөн нас барсан хүүхэдтэй байсан эсэхийг аль болох онтой нь бичиж авах хэрэгтэй.
Зөвлөмж 3:
Удмын мэдээллээ цуглуулсны дараа ургийн бичигт оруулах хүмүүсээ үечилнэ. Есөн үе өнөгөрөхөд овог саднаараа цөм цуглан ЯС ХАГАЛАХУЙ хэмээх ёслол үйлдэн баяр хийнэ. 
Аливаа хүн, хэн боловч өөрөөсөө дээших, дооших удам, төрлөө мэддэг бөгөөд эцгийн талын хүмүүсээ авга буюу  “ясан” төрөл, эхийн талын хүмүүсээ нагац буюу  “цусан” төрөл гэж ангилдаг. Энэ нь ялангуяа Монгол хүний ёс уламжлалд эрт дээр үеэс мөрдөж нэрлэж ирсэн хэвшил юм.
Эцэг, эхэн болон хүн өөрөөсөө дээших, дооших яасан, цусан гарал төрлөө дараахи байдлаар нэрлэж хүндэлдэг. 

Өөрөөс дээш 9 үе:

Ясан тал:                                              Цусан тал:
8.Өндөр өвөө                                        8.Өндөр эмээ
7.Холбоо өвөг                                       7.Холбоо эмэг
6.Хулан өвөг                                         6.Хулан эмэг
5.Элэн өвөг                                           5.Элэн эмэг
4.Хуланц өвөө                                      4. Хуланц эмээ
3.Элэнц өвөө                                        3.Элэнц эмээ
2.Өвөө аав                                            2.Эмээ ээж 
1.Аав                                                     1.Ээж 

Өөрөөс доош 9 үе

Ясан тал:                                                Цусан тал:
1.Хүү                                                      1.Охин 
2.Ач                                                        2.Зээ
3.Жич                                                     3.Зээнцэр
4.Гуч                                                       4.Зээлдэм
5.Жичинцэр                                           5.Бөл
6.Гучинцар                                            6.Бөл ач 
7.Жихүй                                                 7.Бөлүүл, бөл зээ
8.Жилийхүй                                           8.Бөлөнцөр

Зөвлөмж 4:
Ингээд  ургийн бичгээ ямар зураглалаар хийх хэлбэрээ сонгох  хэрэгтэй. Хөтөлж эхлэхдээ ямар овогт хэний хэний ургийн бичиг болохыг заавал бичнэ Жишээлбэл:  Хатагин овогт Цэндийн Дамдинсүрэнгийн ургийн бичиг гэх мэт.
Ургийн бичгийн зураглал нь дотроо олон хэлбэртэй ба үүнд:
-       Суварган хэлбэртэй хэлхээ зурлага
-       Гэр хүрээ, хэлхээ зурлага
-       Цагираган хэлбэртэй хэлхээ зурлага 
-       Удган модон хэлхээ зурлага
-       Шаталсан хэлхээ зурлага
-       Цэцгэн дэлбээ хэлхээ зурлага
-       Оддын холбоо хэлхээ зурлага
-       Удмуудын ураг барилдсан хэлхээ зурлага
-       Хас ургийн хэлхээ зурлага
-       Нарны цагариг хэлхээ зурлага гэх мэт
Эдгээр зурлагуудын тухай уншиж судлах номнууд дээр дэлгэрэнгүй байгаа. Сонголтоо хийснээ дараа ургийн бичгээ хөтөлж эхлэх ба ямар хэлбэрийн зураглал сонгосноосоо шалтгаалж насны эрэмбэ, эр эм хүйсийг нэг талаасаа эхэл үеүдийг нэг эгнээнд буюу нэг мөрөнд зурвал ойлгомжтой байх болно.
Орчин үеийн шинжлэх ухаанд хүний төрмөл шинж эцэг, эхээсээ 50%, өвөг эцэг, эмэг эхээс 25%, элэнц өвөг, элэнц эмэгээс 12.5% өвлөгддөг гэсэн судалгаа, нотолгоо байгааг харгалзан эхийн талыг дэлгэрэнгүй оруулан ургийн бичиг хөтлөхийг эрдэмтэд сануулж зөвлөсөөр байна. Ургийн бичиг, удмын түүхийг “Ургийн мод”, “Угийн хүрээ” төдийгөөр хэтэрхий товч тоймлон үзүүлэхэд хүндрэлтэй байвал цаасан дээр буулгаж, номын хэлбэрт эсвэл дэлгэрүүлэн цахим хэлбэрт оруулж болох юм.
 Сүүлийн үед ургийн бичиг хөтлөхөд зориулсан дэвтрийг хэвлэн гаргах болсноос гадна мэдээллийн Старсофт ХХК, Прогнэт  ХХК  “Ургийн бичиг 1.0” “Ургийн бичиг 2.0” шинэ программ  гаргасан бөгөөд энэхүү программыг  линкээр орж татаж авах болон Интер ном дэлгүүрийн төв салбараас худалдан авч болно. Энэхүү программ нь таны оруулсан мэдээллийг үндэслэн ургийн хэлхээний зураглалыг төрөл бүрээр гаргахаас гадна шууд хэвлэж авах, ураг төрлүүд хоорондоо холбогдох, мэдээлэл солилцох, зургаа оруулах, эхийн ургийн зураглалыг эцгийн ургийн зураглалтай хоолбох зэрэг олон боломжтой юм. 
Түүнчлэн ургийн бичиг, удмын түүхэнд харгалзах нэг чухал зүйл бол дагалдах мэдээллүүд юм. Тодруулбал яс үндэс, овог, төрсөн он, нас хүйс, жил, төрсөн гөзөр, эрүүл мэндийн байдал, авгайлга, хорт зуршил,  дагавар, өргөмөл хүүхэд, хүж барилцсан төрөл садан, эцэг нь тодорхойгүй бутач, албан ёсоор гэрлээгүй үед өвөг эцэг, эмэг эх дээрээ өссөн хүүхэд,  гал дээр гарсан зээг ачид тооцож овог удмаа залгамжлуулсан эсэх, хойд эцэг эх болон өргөмөл хүүхдийг ургийн бичигт жинхэнэ төрүүлсэн эцэг эхийн нэр ус овгоор оруулах  зэрэг нэмэлт мэдээллийг ургийн бичиг, удмын түүхэндээ тусгах нь цаашид түүнийг жигд сайн хөтлөхөд нэмэртэй.
Зөвлөмж 5:
Таны эхлүүлсэн Угийн бичиг таны хүү охин, гэр бүл болоход, бэр гуйх ёс үйлдэх үед нь хамгийн их хэрэг болно. Бэр гуйхаас урд хүү болон хүүхний ээж аавууд хоорондоо танилцаж, хэн хэнийхээ удам гарал хийгээд мах цусны холбоо хэлхээ байна уу, ямар нэгэн төрлийн сэтгэцэйин болон бусад хүнд өвчний удамшил байна уу, хүргэн болох хүн өрх толгойлж эхнэр хүүхдээ тэжээж тэтгээд явж чадах эсэх зэргийг Угийн бичгээсээ лавлаж, хэрэв есөн үе дотор ахан дүүсийн холбоо байвал хүү хүүхний харилцааг шууд таслан зогсоох хэрэгтэй.
Зөвлөмж 6:  
Ургийн бичиг, удмын түүхээ улам ойлгомжтой байлгах үүднээс ургийн хэлхээг тусгай дүрс тэмдэглэгээнүүдийг хэрэглэж зурж болно. Түүнээс гадна бусад хэлбэрийн ургийн зураглал дээр эр эм хүйс, өргөмөл бутач эсэхийг тусгай тэмдэглэгээг ашиглан тодруулж болох юм.


























Зөвлөмж 7:
Нэгэн овгийнхны ургийн бичгийг  тэр овгийн хамгийн хүндтэй, тулхтай нэг нь хадгалах бөгөөд жилдээ эсвэл хэдэн жилдээ нэг удаа овог удмаараа цугларч ургийн бичигтээ баяжуулалт хийх хэрэгтэй. Ингэхдээ ураг удам өргөжин тэлсний баярыг  хамтатган хийвэл ихээхэн бэлэг дэмбэрэлтэй, хүндэтгэлтэй зүйл болох билээ.  
Мөн  гэр бүл болж нэгэн шинэ бүл үүсгэж байгаа залуу гэр бүлүүдийг өрх тусгаарлахдаа ургийн бичгээ хуулж аван, цаашид өөрийн ураг удмаар баяжуулж байх хэрэгтэй юм. 

УРГИЙН БИЧИГ УДМЫН ТҮҮХ

Монголчууд “удам угсаагаа мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил” хэмээн ярьдаг бөгөөд хүн бүр өөрийн уг үндэс, ураг төрлөө сайтар мэдэн, үр залгамждаа учир түүхийг нь зөв ухааруулдаг уламжлалтай билээ. Өөрийн уг язгуурынхаа түүхийг өндөр дээд өвгөөсөө эхлэн аман болон бичгийн хэлбэрээр дамжуулан хойч үедээ үлдээх уламжлал монголчуудын дунд нэн эрт үүсч, өөрсдийн уг гарал, угсаагаа сайн мэдэж байсныг түүхийн олон имт гэрчилдэг. XIII зууны монголчуудын тухай Персийн түүхч Рашид-ад-Дин: “Эдгээр бүх аймгууд яруу тодорхой удам угсааны түүхтэй. Учир нь монголчуудын заншил бол өвөг дээдсийнхээ удам угсааг залган санаж, төрсөн үр хүүхэддээ зааж сургадаг. Ийнхүү тэд уг язгуурынхаа тухай үгсийг хүмүүсийн хүртээл болгодог учраас тэдний дунд яс угсаа, овог аймгаа мэдэхгүй хүн нэг ч үгүй” гэж бичиж байв. (1952,13-р тал)
Үүний нэг томоохон жишээ нь Ургийн бичиг юм.
Ургийн бичиг нь одоогоос 1300 жилийн тэртээгээс уламжлагдан хөтлөгдөж ирсэн түүхтэй.
Ургийн бичиг  хөтлөж ирсэн зорилго, хэлбэр нь үндсэн хоёр агуулгатай гэж үзэж болно.
Нэгдүгээрт “Төрийн ургийн бичиг”
Төрийн хаан, хан, ноёдыг Чингисийн “Алтан ургийн” тайж нараар томилдог учир тайж нарын ургийн бичиг хөтөлдөг бөгөөд үүнийг Монголын их, бага хаад, Манж, Богд хаант улсын үеүдэд нарийн журам, төрт ёс болгож иржээ. Эдүгээ манай үндэсний төв архивт хадгалагдаж байгаа 1877 ширхэг ноёд тайж нарын ургийн бичгийн хамгийн түрүүч үеийнх нь Хавт Хасар, Билгүүтэй, Батмөнх даян хаан, Жалайр хун тайж Гэрсэнз  нарын ургийн бичиг байна.
Дэлхийн аль ч улс оронд байхгүй, Монголын төрийн бичгийн түүхэн баримтын нэг нь Шолой сэцэн /1577-1652/ ханы ургийн бичиг билээ. Энэ ургийн бичигийг 5.5х5.5 м дугираг цагаан давуун дээр хар өнгийн бэхээр, Уйгаржин монгол хичээнгүй бичлэгээр бичсэн бичиг юм. Уг ургийн бичигт  1905 оныг хүртлэх  328 жилийн дотор төрсөн  Шолой цэцэн ханы ургийн  11966 хүнийг бүртгэсэн  байдаг бөгөөд энэхүү  ургийн бичиг одоо Үндэсний архивт хадгалагддаг байна. [1]
Хоёрдугаарт. “Гэрийн ургийн бичиг”.
            Айл өрх нэг бүрээр хөтлөн тэмдэглэдэг. Түүний үндсэн дээр тухайн иргэн хүн өөрийн дээд үеэ аав, ээжээсээ эхлэн “элэнц”, “хуланц”, “өндөр өвөө, эмээ”, тэднээс дээшхи яс”, “цусан” удам угсаагаа сайн мэддэг заншилтай баисан.
Энэ нь Монголчуудын төрт ёсны, нөгөө талаас нийгэм, иргэншлийн хатуу дэг жаяг болон уламжлагджээ.
Монголчууд ургийн бичгийг хөтлөхдөө түүхчлэн бичих, хүснэгтлэн зурах гэсэн 2 аргыг хэрэглэж байжээ Бидний үед хүснэгтлэн зурж үйлдсэнийг нь  Ургийн бичиг хэмээн ойлгож гэрийн түүхийг нийтэд нь хамааруулан ойлгох болжээ.   Ургийн бичиг хөтлөх арга  хэдэн янз байдаг боловч хөтлөх тогтсон ёс журам нь үндсэндээ нэг юм.
Манжийн эрхшээлд байх үед Монголчуудын ургийн бичгээ хөтлөх ёс уламжлал бүдгэрсээр  Ардын хувьсгалын дараагаар буюу 1925 онд овог хэрэглэхийг бүрмөсөн болиулсан юм. Энэ явдлаас 66 жилийн дараа  1991 оны 6 дугаар сарын 25-нд  Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг[2]  гарч  ургийн бичиг хөтлөх, ургийн овог сэргээн хэрэглэх болсон байна. 1997 оны 1 сарын 8-нд Монгол улсын засгийн газрын 17-р тогтоолоор Угийн бичиг хөтлөх журам[3] батлагджээ.
Монгол улсын соёлын тухай хуулийн 3.2-т “Соёлын үнэт зүйл гэдэгт  гоо сайхны үзэл баримтлал, аман аялгуу, уламжлалт технологи, газар усны нэр, зан заншил, бэлэг тэмдэг, ардын аман зохиол, ном, судар, шашдир, угийн бичиг, им, тамга, хадны зураг, бичээс, гар урлал, урлагийн бүх төрлийн болон соёл судлалын бүтээл, судалгааны арга барил хамаарна” гэсэн байдаг. Мөн хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн соёл хүмүүжлийн уламжлалыг дээдлэн хөгжүүлж, удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх” нь иргэн хүн бүрийн  үүрэг хэмээн заажээ.
Ургийн бичиг нь түүх соёлын ач холбогдолтойн зэрэгцээгээр удмын эрүүл мэндийн байдлыг мэдэх толь юм. Бие хүн үхэж үгүй болох авч хүний удмыг дамжуулан авч явдаг ген хэмээх гайхамшигт ертөнц ер мөхдөггүй мөнх ажээ. Чухамдаа хүний бие махбодийг бүтээгч эсийн дотор хромсом хэмээх биенцэр байдаг. Энэ биенцэрийн дотор ген орших бөгөөд ген нь үеэс үед үр хүүхдэд дамжин хадгалагдана. Хүүхэд эцэг эх хоёроос 50, 50 хувийн ген буюу адилхан хос 23 хромсомыг энэ тэнцүүгээр хадгалан төрөх бөгөөд хүний амьдралын үйл амжиллагаа нь түүний генийн сангийн шинж чанарт тулгуурлан явагддаг.
Өчүүхэн жишээ хэлэхэд таны нүдний өнгө, царай зүс, зан төрх, явдал суудал, оюун ухаан зэргийг хадгалан дамжуулах ген хэдэн зуун жилийн өмнөх өндөр өвөг, эмгээс эхлэн бөлөнцөр сунжрах хүртэл өөрчлөгдөхгүй хадгалагдан байдаг. Ген устаж үгүй болохгүй, шинээр үүсэхгүй. Генийн өөрчлөлтөөс хүний эрүүл мэндэд хор учирч удамшин дамжих өвчин үүснэ. Генийн өөрчлөлт, гэмтэл согогтой холбогдон үр удамд дамжих эмгэгийг удамшлын өвчин гэдэг. Удамшлын өвчинөөс сэргийлэх, удмыг хэвийн цэвэр ариун байлгахад хүн бүрийн эрхэмлэх хэдэн зүйл бий. Үүнд:
1. Яс, угсаа, удам судар, ах дүү нараа сайн мэдэж ургийн бичиг хөтлөх
2. Ах дүү, төрөл төрөгсдийн хооронд гэр бүл үүсэж цусан төрлийн холбоо бий болохоос сэргийлэх
3. Генийн шинж чадвар, хэвийн байдалд муу нөлөөлөх хорт зуршилд автахаас болгоомжлох (архи, тамхи, мансууруулах эм, химийн бодис, цацрагийн нөлөө)
Эхийн хэвлийд үр тогтоохдоо эхээс нэг ген, эцгээс нэг ген заавал хослон хоорондоо нийлдэг. Эрүүл хүнд ч түүний генийн санд удамших өвчин үүсгэх 5-10 ген байдаг. Хоёр эмгэг ген эвсэлдэн хословол удамшлын өвчтэй хүүхэд төрдөг. Цусан төрлийн хүмүүс гэр бүл болоход эмгэг генүүд хоорондоо хослон нийлэх илүү бололцоотой учраас тэдгээрийн хүүхдийн дотор төрөлхийн гажиг, удамшлын өвчтэй хүүхэд илүү илэрч удамшлын өвчин нэмэгдэнэ. Мөн хүүхдийн бие бялдар, эрүүл мэнд, авъяас  чадвар, өсөлт бойжилт муудна. Цусан төрлийн гэр бүлд энэ үзэгдэл нь ихэвчлэн жич, зээнцэрийн хүүхдийн хооронд тохиолддог.
Ургийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг тоолоод  баршгүй боловч хамгийн гол хэмээн үзэж доорх ач холбогдлыг дурдаж байна.
Нэгдүгээрт. Өвөг дээдэс, садан төрлөө  зөв мэдэх, таних, хүндлэх бахархах, баярт гунигт мөчүүдээ хамтдаа хуваалцах, удмаараа ариун сайхан аж төрж, муу муухайгаас зайлж, удам угсааныхаа алдрыг ахан дүүс, удмаараа хамгаалах, өндөрт өргөж явах утга учир бий болох;  
Хоёрдугаарт.Удам судраа цэвэр ариунаар авч явж, эрүүл чийрэг бие бялдартай иргэдийг бий болгох;
Ахан дүүсийн холбоотой хүмүүс ханилан гэр бүл болбол тэдний дундаас төрсөн хүүхдүүд нь мэдэрлийн гажигтай, эрхтэн дутуу, хэлгий, дүлий, доголон, сохор зэрэг хөгжлийн сааталтай төрдөг.
Орчин үед ч  гэсэн манайд цус ойртох аюул ихсэж хөгжлийн гажигтай хүн маш олширч байгаа бөгөөд энэ талаар жил бүрийн статистик судлагаагаар мэдээлэгддэг.
Ер нь олон зууны уламжлалт түүхээр тодруулбал Монголчууд дэлхийн талыг эзэмшин цэрэглэн явж байсан үе, хатуу ширүүн аль ч нөхцлийг даван туулдаг байсан нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрүүл бие, саруул ухаан, бяр чадал бөгөөд  тэр бүхэн нь цус ойртолтын аюулаас сэргийлж ирсэн Монгол уламжлал, ухаантай дээдсийн гавъяа юм.[4]





[1] Үндэсний мэдээ сонин,2012.05.31 Дугаар 127/205/.УБ
[2]БНМАУ-ЫН ХҮН АМ ЗҮЙН ТАЛААР БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ 
http://www.legalinfo.mn/annex/details/33?lawid=692
[3] УГИЙН БИЧИГ ХӨТЛӨХ ЖУРАМ
http://www.legalinfo.mn/annex/details/1340?lawid=4492
[4] http://www.urgiinbichig.mn/