Монголчуудын гарал үүслийн тухай асуудлыг түүхийн шинжлэх ухаан эдүгээ
хүртэл нэгэн тийш болгон гүйцэд шийдвэрлэж хараахан чадаагүй хэвээр байна. Гэвч
сурвалж бичгийн мэдээ сэлт, эртний судлалын зарим олдвор, уламжлагдсан аман
домог зэргийг үндэслэн бас ч гэж өгүүлэн тогтоож болох ажээ.
“Монголын нууц
товчоо”, “Судрын чуулган” зэрэг зохиолд Монголын удам угсааны тухай өгүүлэхдээ
аман түүхийг ихэд ашигласан байдаг.
Төв азийн өндөрлөг буюу
Монгол нутагт 800000-850000[1] тэртээгээс
хүн тасралтгүй суурьшин ирснийг археологийн
судалгаа болон бичгийн эх сурвалжуудад тэмдэглэсээр ирсэн байна.
Монголын өндөрлөгт
нутаглаж байсан зонхилох аймаг болох Хүннүгийн холбоонд монгол, түрэг, хамниганаас
гадна олон аймаг байсан ч зонхилогчид нь монгол угсаатан байжээ. Монголын нэрт
эрдэмтэн Г.Сүхбаатар Хүннүгийн хэл, заншил, эдийн болон оюуны соёлыг нь тал
бүрээс нь нухацтай иж бүрэн судалсны дүнд Хүннү нь монголчуудын өвөг дээдэс
болохыг үндсэндээ нотолж баталсан билээ.
Эртний Хятадын сурвалж бичигт Хүннүгийн элэнц хуланцыг
нийтэд нь Дорнод Ху (东胡 )гэж
нэрлэдэг байжээ. Дорнод Ху нараас гаралтай Сүмбэ нарыг Шивэй аймгийн дээдэс гэж
судлаачид үзэх болжээ. Шивэй гэж нэрлэдэг олон аймгийн дотор монгол нэртэй
аймаг оршиж байжээ. Хүннү болон түүний удам угсаа Сүмбэ, Моюн, Тоба, Нирун гэх
мэт янз бүрээр нэрлэгдэж байгаад VI-VII зуунд бараг нэр нь дурсагдахгүй шахам болсон байна.
Рашид ад Диний[2] судрын чуулганд
тэмдэглэснээр олон зуун жилийн тэртээ язгуур Монголчууд түрэг хэлтэн овог аймгуудад
цохигдон хүн амын олонх нь алагдан зөвхөн нохос (нукуз) хиан (хиад) хоёроор
толгойлуулсан хоёр тэргүүлэх яс буюу ястан үлдэж нутаг орноосоо дүрвэн зайлж
Эргүнэ-Кун[3] (эгц ташуу уул)[4] хэмээх газар хүрч нуугдан
нутаглажээ[5].
Эргүнэ-Кун бол эргэн тойрон уул хад, ой
модоор хүрээлэгдсэн их л давчуухан бөглүү газар байсан бөгөөд гаднаас ганцхан
зөрг зам нэвтрэн ордог гэдэг. Тэр зөрөг замыг гадны хүн олж нэвтрэхэд хэцүү
ажээ. Тэнд очсон овог аймгууд ийм газар 400 гаруй жил нутаглажээ. Энэ хооронд
хоёр яснаас салбарласан хүмүүс өсч үржин нукуз, урианхайд, хонгирад, ихрэс,
олхонуд, элжигэн, арлут, сүлдэс, баяуд зэрэг 20 гаруй овог үүссэн гэж Рашид ад
Дин тэмдэглэжээ. Зарин судлаачид 20 гаруй биш бүр 70-аад салбар овог болон
өргөжсөн гэж үздэг.
Эргүнэ Кунгаас салбарлан гарч ирсэн тэдгээр овгуудын
ерөнхийд нь ДАРИЛГИН МОНГОЛ гэдэг
байжээ. Тэрхүү дарилгин монголчуудын дотор хамгийн нэр нөлөөтэй нь Бүртэ-Чино[6]
байсан бөгөөд Гоо Марал хэмээх ойн иргэний бүсгүйтэй нийлж ураг холбожээ[7].
Сурвалж бичгүүдэд тэмдэглэснээр тухайн үедээ Бүртэ Чино монгол овогтон аймгийн
холбооны удирдагч нь байсан бөгөөд түүний шууд харъяалж байсан аймгуудыг монгол
буюу монгол овогтон гэж нэрлэж байжээ[8].
Бүртэ Чино-ын захирч байсан монгол нутаг нь Онон мөрний
эхэн, Бурхан Халдунаас Онон, Мөрөн,Туул гурван голын урсгал дагуу тэлэн өргөжиж
байжээ.
Бүртэ-Чино олон хүүхэдтэй байсан хэмээн сурвалж бичигт
тэмдэглэгдсэн байдаг. Бүртэ-Чино-ын дараа түүний хүү Батцагаан (Батча хан) гол
монголыг захирсан зонхилогч болсон гэдэг.
Бүртэ-Чино-ын шууд угсааны 11 дэх үеийн залгамж Добу
мэргэн гурван гол, Бурхан Халдун хавийн нутгийг эзэгнэн захирч байгаад зэл
залуугаараа нас баржээ. Добу мэргэн нас барснаар язгуур монголын ханы суурь
дарилгин монголоос НИРУН МОНГОЛ-д шилжсэн юм.
Нирун монгол гэдэг нь Добу мэргэний бэлэвсэн хатан Алунгоогийн
ариун нуруунаас гэрлээр төрсөн тэнгэрийн хөвгүүдийн залгамж удам гэсэн утгатай
үг юм. Нирун монголчуудын дотор 3 ялгаа байсан ба Алунгоогоос Хабул хааныг
хүртлэх үеийг нийтэд нь НИРУН ; Хабул хааны 6 хөвгүүн дүү нар, үр ач нарын үеэс
Есүхэй баатар хүртлэх үеийг НИРУН ХИАД; Есүхэй баатар Чингис хаан тэргүүтэн
болон түүний хөвгүүдийн удам угсааг ХИАД-БОРЖИГОН гэж тус тус нэрлэдэг байжээ.
Зарим Монгол сурвалжид, Тан улсын Дэ Цзун хааны
“чжэн-юан”-ий 2-р он 786 буюу гал барс жил Бүртэ-чино-ын 29 настайд Батцагаан (Батча
хан) төрсөн хэмээн бичсэн байна. Энэ зурвас мэдээг үндэслэн мөшгөвөл,
Бүртэ-чино өөрөө шороо нохой жил буюу 758 онд, Боданчир төмөр морин жил буюу
970 онд, Чингис хаан усан морин жил буюу 1162 онд тус тус төрсөн болж таарч
байна. Өөрөөр хэлбэл, Бүртэ-чино төрснөөс Боданчар хүртэл 212 жил болсон байна.
Бүртэ-чино-ын захирч байсан монгол нутаг нь Онон мөрний эхэн, Бурхан Халдунаас Онон,
Хэрлэн, Туул гурван голын урсгал дагуу тэлэн өргөжиж бараг хэдэн зуун жилийн
турш Бүртэ-чино ба түүний язгуур угсаа нь үндсэндээ “язгуур монгол”-ын нутаг
дэвсгэрийг дахин тогтоохыг эрмэлзэн тэмцэж явснаар тэр нь XII зууны дунд үед
жинхэнэ биелэлээ олжээ.
[2]
Рашид ад Дин. Арабаар: رشیدالدین .Түүний нэр бүтнээрээ Рашид ад-Дин
Фазлуллах ибн Абу-ль-Хайр Али Хамадани (ойролцоогоор 1247- 1318 он). Монголын
Илхаант улсын Газан болон Өлзийт хааны үеийн төрийн сайд
асан, Ираны Хамадан хотод төрсөн, жүүд гаралтай. Рашид ад Дин нь Хасан
хааны зарлигаар, Монгол, Перс, Хятад, Энэтхэг зэрэг олон үндэс угсааны, олон
хэлний эрдэмтэд түүхчдийн тусламжтайгаар, тэр үеийн Монгол болон бусад улс
түмний аман домог, түүх бичлэг болон угийн бичиг зэргийг ашиглан, 1301-1311 онд
туурвисан “Судрын чуулган” хэмээх бүтээл нь түүх, угсаатны зүйн үнэт өв бүтээл
төдийгүй хэл судлаачдын ч анхаарлыг зүй ёсоор татдаг.
[3] Энэхүү газар хаана байгааг эрдэмтэд янз бүрээр тайлбарласаар
ирсэн ба дээр үед дээр үед Эргүнэ Кунгийн тухай Монгол ардын домог олон байжээ.
XIII зууны үед Иранд очсон Монголчууд Эргүнэ Кунгийн домгийг сайн мэддэг байсан
төдийгүй бараг нүдээр үзсэн мэт ярьдаг байжээ.
[4] Рашид ад Дин судрын чуулган х153
[5] Монголын түүх 2003.,УБ х44
[6]
Бүртэ-Чино бол онгон шүтээн болсон араатан амьтны нэр биш монголын өвөг дээдэс
болсон хүний нэр юм (Монголын түүхийн боти 2003, дэд дэвтэр х45)
[8] Лу
Алтантовч УБ.,1957.,УБ 11-р тал