Монголын гайхамшиг бүрдсэн байгалийн үзэсгэлэнт газрыг уншигч таньд Breakingnews.mn сайтаас хүргэхээр бэлтгэлээ. Монгол орны заавал очиж үзэх байгалийн дурсгалт газруудын нэг байгалийн болон түүхийн дурсгалт газруудын талаарх танилцуулгын 2 дахь хэсэгт Баянхонгор аймгийн талаар орууллаа.
Байгалийн үзэсгэлэнт газрууд:
1. Нууруудын хөндий
Баянхонгор аймаг дахь Нууруудын хөндий нь Таацын цагаан нуур, Адгийн цагаан нуур, Орог нуур, Бөөн цагаан нууруудаас бүрдэх бөгөөд хамгийн том нь Бөөн цагаан хэмээх давст нуур юм. Нууруудын хөндий нь Рамсарын конвенцид бүртгэгдсэн ус намгархаг газар юм. Орог нуурын хаяанаас дэлхийн хамгийн эртний хүн амьдарч байсан буурь сууц олдож байсны зэрэгцээ, зүүн эргээр нь түүх соёлын нандин өв болох олон зуун хиргисүүр, булш бунханууд эгнэн байдаг билээ.
2. Говийн үзэсгэлэнт байгаль
Говийн их дархан газар нь хоёр хэсэгтэй бөгөөд, А хэсэг нь Баянхонгор, Говь-Алтай аймгийн хамгийн урд захын улсын хилээс нааш 100 орчим километр өргөн газрыг хамрах бөгөөд Б хэсэг нь Ховд, Говь-Алтай аймгийн нутгийн заагийн урд захын улсын хилээс нааш 80 километр өргөн газрыг хамрах Говийн их дархан газрын нийт талбай 53117.3 ам километр буюу дэлхийн хамгийн их талбайтай дархан газрын нэг юм. 1996 онд ЮНЕСКО "Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь" зэрэглэлээр "Дэлхийн хүн ам ба шим мандлын нөөц газрын сүлжээ"-нд бүртгэн авчээ. Баянхонгор аймгийн говийн үзэсгэлэнт байгаль нь аймгийн төвөөсөө 150 километрт орших их говийн элсэн манхан, заган шугуйд шургалан тогтсон Монголын говийн хамгийн том нуурууд болох Бөөнцагаан болон Орог нуур, Монголын хоолойгоос эхлэн эх орны баруун хязгаар буюу Монгол улсын торгон хил хүртэл сунан тогтсон өргөн уудам нутгийг хамарна. Орог, Бөөнцагаан нууруудын эргэн тойрон дахь элсэн манханууд, говийн чимэг болсон заган шугуй, дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээн сүрэг гэх мэт Монголын их говь нутаг өөрөө ер бусын сонин өвөрмөц байгалийн үзэсгэлэн билээ.
3. Галуутын хавцал
Галуутын хавцал нь тус аймгийн Галуут сумын төвөөс баруун тийш 20 орчим км-т оршино. Олгой нуураас Галуут гол хойшоо урсан гарахдаа 2 км орчим урт энэ хавцлыг үүсгэжээ. Хавцал нь 100-150 орчим метр гүнзгий эгц цавчим бөгөөд өргөн нь дунджаар 10 метр, хамгийн нарийн газартаа 1 метр орчим болно.

4.Цагаан агуй
Баянхонгор аймгийн Баянлиг сумаас зүүн хойд зүгт 40 км зайтай оршино. Агуйн үүд нь баруун урд зүгт харсан байрлалтай, агуй нь хоорондоо холбоотой гурван үндсэн том тасалгаатай. Агуй нь өндөр хэсэгтээ 10 м, өргөн хэсэгтээ 8 м хүрэх бөгөөд нийт урт нь 32 метр байна. 700000 жилийн тэртээд хүн амьдарч байсан ул мөрийг 1987, 1989, 1995, 1996, 1997, 1998 онуудад хийсэн малтлага судалгааны үр дүнд тогтоожээ. Эдгээр судалгааны үр дүнд Монгол болон Төв Азийн энэ бүс нутаг дөрөвдөгч галавын сүүл үед урин дулаан уур амьсгалтай байсныг судлаачид тогтоожээ.


5. Бичигт хад
Баянхонгор аймгийн Баянгийн нурууны Их бичигтийн аманд байх байгалийн сүг зураг бүхий галерей юм. Одоогоос 3000 жилийн өмнөх үед хамаарах эртний хүмүүсийн хаданд үлдээсэн бичиг соёлын чухал дурсгал ажээ. Анжисанд үхэр хөллөөд газар хагалж буй хүний дүрслэл нь анхаарал татдаг. Үүнээс үзэхэд энэ нутагт амьдарч байсан хүмүүс малын ашиглан тэргэнд хөллөж тэдний хүчээр газар хагалж тариа будаа тариалж байсныг илтгэж байгаа юм. Мөн энэ дүрслэл дэлхий дээр хамгийн анх тэрэг бүтээсэн ард түмэн бол Монголчууд байж болохыг харуулж байж магадгүй юм хэмээн нэгэн судлаач өгүүлжээ.
.jpg)
6. Шатар чулуун хөшөө
МЭӨ 3000 жилийн тэртээх хүмүүсийн оюуны соёлын гайхамшигт өв бол Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт байрлах Шатар чулууны хөшөө дурсгал юм. Энэ чулууны хөшөө дурсгалын цогцолбор нь буган чулуун хөшөөн сийлбэр хээтэй, дөрвөлжин чулуун хашлага бүхий оршуулгатай, Монгол шатрын дүрстэй янз бүрийн амьтны чулуун сийлбэрүүд бүхий хиргэсүүрүүдээс бүрдэнэ. Манай эриний 450-550 оны үед Монголчуудын өвөг дээдэс Хүннү нар шатар тоглодог байсныг Английн эрдэмтэн Г.Мэрэй "Шатрын товч түүх" номондоо бичсэн байдаг. Энэ сурвалжаас үзвэл Хүннүгийн үеийн уг хөшөө нь Монголчууд эрт үеэс шатар тоглодог байсныг илтгэсэн дурсгал ч байж болох юм.

7. Түрэгийн үеийн бичээс
Баян-хонгор айм-гийн Галуут сумын нутагт VII-VIII зууны үед Монгол нутагт төрт улсаа цогцлоон бай¬гуулсан Хөх Түрэгийн хаант улсын үед холбогдох язгууртны тахилын онгон байдаг. Энэ нь дөрвөн хавтан чулуугаар хашлага хийж дээрээс нь голдоо нүх¬тэй чулуугаар тагласан онгон бөгөөд хавтангийн гурав нь сийлмэл хээтэй, нэг хавтан дээр эрт¬ний Түрэгийн гурван мөр руни бичээс сийлээстэй.

8. Бүгийн цавийн хоолой
Бүгийн цавын хоолойд зочлох үед өөр гариг ертөнцөд хөл тавьсан мэт сэтгэгдэл төрж, одоогоос 150 гаруй сая жилийн тэртээх амьдрал төсөөлөгддөг. Тэнд ертөнцийн гайхамшиг хэмээгдэх 50-иас 80 тонн жинтэй, 20 шахам метр урт, 1.5-аас 30 метр жижиг болон аварга том үлэг гүрвэлүүдийн бүхэл саланги холилдож чулуужиж хоцорсон яс, дун хясаа зэрэг цэнгэг усны амьтадын чулуужсан яс, далайн ёроол байсныг илтгэх шавар хэрмэн цавуудыг үзсэнээр монголын говь нутаг нь 200-100 сая жилийн тэртээ гадагшаа урсгалгүй цэнгэг усны ай сав газар байсныг мэдэх болно.

9. Шаргалжуутын халуун рашаан
Шаргалжуутын халуун рашаан нь 108 төрлийг өвчнийг анагаах чадвартай, 108 төрлийн халуун, хүйтэн рашаануудаас бүрддэг. Хамгийн халуун нь +96 хэмийн халуун байдаг. Шаргалжуутын рашаан бүр нь хүний бие эрхтнүүдийн байгалиас урлан бүтээсэн хэлбэр дүрс бүхий хад, чулуунаас ундран гардаг. Тухайлбал, хоолой өвчнийг анагаах рашаан гэхэд хүний хоолойн хэлбэр дүрстэй хаднаас, шүдний рашаан гэхэд шүдний хэлбэр дүрс бүхий хаднаас оргилон гарч байдаг нь байгалийн сонин хачин гайхамшгийн нэг юм.

10. Их Богд уул
Говь-Алтайн нурууны ноён оргилуудын нэг, мөнх цаст Их Богд уул нь далайн түвшнээс дээш 3957 метр өргөгдсөн, Монголын их говьд орших атлаа хангайн байгалийг санагдуулам номин ногоон хөвд ургамал, өнгө алаглах цэцэгсийн хүрээлэн, хүрхрэн шуугих өндөр уулын түргэн урсгалт гол горхи, газар хөдлөлтөөс тогтсон байгалийн өвөрмөц сонин тогтоц, нуур, дэлхийд ховордож дархлагдсан аргаль, янгир, ирвэс зэрэг ховор ан амьтад, вансэмбэрүү, алтангагнуур, лидэр зэрэг эмийн ургамлуудыг үзэж болох юм.
Ууланд аялах дуртай аялагчдын сонирхлыг татдаг бүс нутгийн нэг нь их Богд уул юм. Их говийн дархан газар, байгалийн сонин тогтоц олонтой. Их Богд уул, Ичээтэй жарангийн нуруу, Өлзийт, Ноён, Тариат, Бургалтай зэрэг хараа булаам үзэсгэлэнт сайхан уулсаар чимэглэгдсэн болно. Хулан, хавтгай, аргаль, янгир, тэр ч байтугай Монголын улаан номд бичигдсэн олон олон ан амьтад бий.

11. Хачин ламын хийд
Хачин ламын сүм нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын төвд хуучны Сайн ноён хан аймгийн Дайчин вангийн хошууны нутаг, Түйн голын эрэгт хошуу Ноёны шутлэгийн ламд зориулан 1903 онд бүтээгджээ. Хачин ламыг төвдийн Ванчин эрдэнээс VIII Богд Жавзандамба хутаггын багш ламаар илгээсэн хэдий ч тодорхой учир шалтгааны улмаас Богдын багш болж чадаагуй учир Богдын хүрээнээс гарч дээрх хошуу нутагт ирж суурьшин нутгийн олон түмэнд эрдэм ухаанаараа хүндлэгдэн мэргэн Хачин, Хачин багш, Хачин номун хаан хэмээн алдаршжээ. VII Богд гурвал Хачин ламтай байсан гэдэг. Хачин гэдэг бол өглөө, үдэш жавтий буюу ариун цэврийг хамгаалах ариутгал хийдэг хүнийг хэлдэг байна. Сүм нь хоёр давхар, урд талын хаалгаар нь ордог байна. Доод давхар нь өвлийн сууц бөгөөд дотроо хоёр өрөөтэй, гадна талаас нь галлаж ханзыг халаадаг, дээд давхар нь дотроо гурван өрөө бүхий зуны сууц ажээ. Сүмийн ханануудад үлгэр, домгийн сэдэвтэй төвд зураачдын өнгө ялган зурсан зурагнууд голлох бөгөөд нэг монгол зураачийн энэ хэлбэрээр зурсан "Дугар Зайсан" гэдэг зураг байдаг.
.jpg)
11. Биндэръяа хөх нуур.
Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутагт байх энэхүү нуур байгалийн гайхамшигтай өвөрмөц тогтоцтой. Уулсаар хүрээлэгдсэн биндэръяа хөх өнгөтэй энэхүү нуур дээд зэргийн цэнгэг ус, олон төрлийн усны шувуудаараа алдартай. Олон зууны тэртээгээс түүх шастирт бичигдэж ирсэн энэхүү нуурыг сүүлийн жилүүдэд зорьж очигсод олон болжээ.

Эх сурвалж: http://free.zone.mn/content/read/43775.htm
No comments:
Post a Comment