Thursday, November 12, 2015

МОНГОЛ гэх нэрийн тухай

Аливаа нэг нэр болгон өөрийн гэсэн утга учиртай байдаг. Тухайлбал хэл шинжлэлийн эрдэмтэд Чехүүд Германчуудтай нэг дор нутаглаж байхдаа тэднийг Немой буюу хэлгүй хүмүүс гэснээс Немц гэдэг нэр үүсчээ гэж тайлбарладаг. Америк тивийг анх нээсэн Христофер Колумб нутгийн уугуул иргэдийг Энэтхэгүүдтэй андуурч байснаас Индиан гэх нэр үүссэн гэж үздэг.
Аргентин улсын нэр гэхэд  "аргентум" гэдэг нь Латинаар мөнгө гэсэн утгатай. Худалдаачид Аргентины Рио де ла Плата (мөнгөн гол) хэмээх голоор Перугаас мөнгөн эдлэл болон бусад үнэт эрдэнэсийг зөөдөг байжээ. Тэгэхээр Аргентина гэдэг нь мөнгөний газар нутаг гэсэн үг аж. Хятадууд өөрсдийгөө ертөнцийн төв хэмээн “жун гуо” (中国) буюу дундад улс хэмээн нэрийдсэн байна.
Эртний монголчуудын дотор модыг шүтэх үзэл түгээмэл байсан бөгөөд үүний дотор бургас мод нэн чухал байр суурь эзэлж байсан нь одоо ч хадгалагдаж байна. Үүнээс үүдээд бургас модыг тотемчлон үзэж бургасныхан, бургасан овогтой гэсэн утгатай бураад буюу буриад гэсэн нэр үүсчээ.
Энэ мэтээр соёл иргэншилтэй улс үндэстэн зэргэлдээ орших овог аймгуудыг доромжилсон утгаар, мөн өөрсдийн үзэмжээр янз бүрээр нэрлэсэн нь байдаг. Эртний Хятадууд умард дахь нүүдэлчдийг  Хүннү (зэрлэг боолчууд), Гоужун (нохой эртэн), Дунху (дорнодын зэрлэгүүд), Жуань жуань (өт хорхой) гэх мэт нэрсээр өөрсдийн түүхэн зохиолуудад тэмдэглэсэн байдаг.
Тэгвэл МОНГОЛ  хэмээх нэр ямар утгатай вэ?
Монгол гэх нэр VII зуунаас эхлэн Хятадын судар ном, бичмэл түүхэнд  тэмдэглэгдэх болсон хэдий ч утгын талаар судлаачдын санал хуваагдмал хэвээр байх бөгөөд маш олон санал байна. Гадаад дотоодын олон судлаачид Монгол гэх нэрийг олон талаар тайлбарласан байдаг
Ø    Нутаг усны нэрнээс гаралтай гэх үзэл  
Монголчууд нутаг дотроо хийгээд гадагшаа гол усныхаа нэрээр дуудалцах нь заншил юм. Тэгвэл гурван голын сав нутаг, түүний дотор Онон голын сав чухамдаа Монгол төрийн өлгий голомт. Тэрүүхэн хэсэг газар нутгийн хvмүүс өөрсдийгөө ч “Oнон голынхон” гэх, бусад нутгийнхан ч тэднийг “Oнон голынхон” хэмээн дуудах нь гарцаагvй. Тийнхүү Онон гол, Онон голынхон гэх маягаар илүүц vе гээгдэж, задгай vе /Он/ нь хашигдаж Мон болох нь хэлзvйн жам ёс. Түүнчлэн /Монгол/ нэр үүссэн газрыг гурван голын /Хэрлэн, Онон, Туул/ -ын энгээр авч vзвэл /Олонгол/ ч байж болох.
Энэ нэрийг уул усны нэртэй холбож үздэг. Унгарын монголч эрдэмтэн хар Дорж Монгол гэдэг нэр нь Мон гэдэг голын нэрээс иш авсан гэж үзсэн байна. Гэхдээ Мон гэдэг гол олдоогүй юм байна. Нөгөө талаас Монгол аймгийнхан 3 голын эхэнд нутаглаж голынхоо эхийг Мон гэж нэрлэсэн байж болох юм.
Ø    Зонхилох овгийн нэрнээс үүдэлтэй гэх үзэл:
Хятадын түүхийн эх сурвалжид Монгол гэдэгтэй адил аялгуу ханз үсэг нь Тан улсын үед (618-907) Мэн-У, Мэн-Ва, Мэн-Гу гэсэн янз бүрийн хэлбэрээр бичигдэн үлджээ. Ялангуяа Хуучин Тан-шу сударт “Их Шивэйн олон аймгуудын бүрэлдэхүүнд багтдаг Хянганы уулсын зүүн талаар нутагтай Мэн-У нь Шивэйн аймгуудын зонхилох овог” гэж тэмдэглэгдсэн байна.
Мөн Мон-гол гэдгийг тэр үед “Мон” гэж нэртэй аймаг нь олон овог аймагтнуудыг нэгтгэхэд их үүрэг гүйцэтгэсэн учир “Гол” аймаг, улс гэснээс “Монгол” хэмээх нэр үүссэн гэж ихэнх судлаачид одоогоор тайлбарлаж байна.
Академич  Ч.Далай 10-11 зууны үед Мон гол буюу Мон голынхон гэдэг төв овог буюу Монгол хэмээх “гол аймаг” гурван голын эхээр нутаглаж байсан гэжээ.
Ø    Шашин шүтлэг, бэлэгдэлтэй холбоотой гэх үзэл:
 Бөө мөргөлийн бэлгэ тэмдгээр өгсөн нэр гэж үзсэн. Монка-тэнгри-гал гэдэг үгний ка-тэнгри нь хасагдаад. Цаашдаа 2 дахь үеийн эгшиг эхнийхтэйгээ ижилсэж Монгол гэдэг нэр үүсэн байна.
Түүхч Нагаанбуу "Монгол гэдэг нэр нь Мөнх гал гэсэн үгнээс үүдэлтэй. Галыг ихэд эрхэмлэн дээдлэх хэрэгтэй гэсэн нийтлэл хэвлүүлсэн байдаг. Өвөрмонголын түүхч Элдэнтэй, Ардаажав нар "Монгол гэдэг нэр нь Мөнка-тэнгри-гал гэсэн үгсийн дунд үеүд нь он удаан жилийн туршид гээгдэж улмаар үүссэн болой" гэх агуулгатай таамаглалыг дэвшүүлсэн байсан. Энэ үг нь мөнхрөх гэсэн агуулгатай болно.
Өвөрмонголын түүхч Гаваа Шинээр орчуулсан “Дөт тайллагат монголын нууц товчоо” бүтээлдээ "Монгол гэдэг нь (мөнх тэнгэрийн) мөнх болон овогтон ба аймагтны удамшилт бэлэг дэмбэрэл болсон (гал тулгын) гал хэмээх үг лугаа нийлэн Мөнхгал болжээ. Иймээс Монгол гэдэг нэр нь мөнхийн аймаг угсаа байг гэсэн санаа болой." гэсэн дүгнэлтүүдийг тус тус хийсэн байна.
Ø    Нийгэм түүхийн үйл явцын дундаас үүссэн гэх үзэл:
Монгол гэдэг нэрийг Хятад  судруудад Мэн-гү Ман-гу-зы Мон-гу-лун Ман-ту Мэн-гү-лүн хэмээх дуудлагатай дүрс бичгүүдээр тэмдэглэдэг байсан. Юан улсын  үеэс үүнийг нэг мөр Мэнгү гэж тэмдэглэдэг болжээ. Энэ нь хэдийнээс мунгинагсад хуучин бүдүүлэгчүүд гэсэн утгатай юм байна.Энэ нэр монгиносон мунгинасан гэдэг үгнээс гаралтай гэж үзсэн байна. Эртний Монгол аймгийн өвөг дээдэс Эргүнэ күнгээс мунгинан монгинон нүүсээр 3 голын сав газарт ирж суурьшсан.
Эрдэмтэн судлаач Г.Сүхбаатар Вэй улсын судраас их ул мөртэй тайлбар тавьжээ. Энэ нь Тоба улсын цэргүүд нэгэн аймгийг эзэлчихээд тэндээс нэг хүүг олзлон авчээ. Тэр хүүг Мугулюй гэж нэрлэсэн байна. Тэр хүү нь Их Нирун улсыг үүсгэн байгуулсан. Нирунчууд өөрийн удирдагчынхаа нэрээр аймгаа нэрлэсэн байж болох юм.
Монгол нэрийн түүхэн хөгжлийг дараах байдлаар харуулж болох юм. Үүнд:
1.    Эргүнэ-хун-аас гарч ирсэн олон овог аймгийн ерөнхий нэрийг Монгол гэх болж, тэр нэр нь сүүлдээ Дарлигин - МОНГОЛ хэмээх нэр болсон.
2.    X-XI зууны үед Монгол нэр, МЭНГҮ Шивэй,  МОНГОЛЖИН, МОНГЛУ гэх мэтээр монголчуудын нэгэн хэсэг овог аймгийн нэр болсон байна.
3.    XI-XII зууны эхэн үед монгол хэмээх нэр нь аймгийн холбоо, улсын нэр болсон юм. Хабул, Амбагай хаадын үед “Хамаг МОНГОЛ” хэмээн жинхэнэ ханлигийн (улсын) нэр болсон байна.  
4.    XIII зууны эхэн хагаст Хамаг Монголын нэр нь Их МОНГОЛ нэрээр солигдож, Их Монгол ба МОНГОЛЫН эзэнт гүрэн гэх нэр нь Их Юан нэрээр солигдох хүртлээ байсан бололтой.
5.    Улс төрийн бутралын үед баруун МОНГОЛ, зүүн МОНГОЛ хэмээн нэрлэгдэж баахан тархай бутархай шинжтэй болжээ.
6.    Манжийн эрхшээлийн үед монголчууд “ар МОНГОЛ”, “өвөр МОНГОЛ”, “ойрад  МОНГОЛ” гурван хэсэгт хуваагдан тусгаар тогтнолоо алдсан юм.
7.    1911 онд тусгаар тогтнолоо сэргээн улсаа Олноо Өргөгдсөн МОНГОЛ Улс  хэмээн нэрийдэж  VIII богд Жавзундамба хутагтыг хаан ширээнд суулгаж Наран гэрэлт, Түмэн наст хэмжээгүй эрхт хаан цол өргөмжилсөн юм.
8.    1924 онд хаант засгийг халж улсаа  Бүгд Найрамдах МОНГОЛ Ард Улс хэмээн нэрийдэх болжээ.
9.    1990-ээд оны ардчилал шинэчлэлээр улсынхаа нэрийг МОНГОЛ Улс хэмээн нэрийдэж, үүнийгээ үндсэн хуулиар баталгаажуулжээ.



3 comments:

  1. Мундаг нийтлэл :) Мааш их хэрэг боллоо

    ReplyDelete
  2. yostoii sxan tsegtstei medeelel olgoloo. bayrlalaa

    ReplyDelete
  3. Мундаг төөрөлдөж, төөрөлдсөн зарим нэг хүмүүсийн үгээр үг хийж явсаар асар хол явсан байгаа юм шүү.
    Манай түүх монгол гэдэг үгээр тодорхойлогдохгүй, монголын түүхээр ч хязгаарлагдахгүй Хүннүгийн ард түмний түүх юм шүү дээ. Төөрөлдсөн зарим нэг хүмүүс Монгол гэдэг үгээр урагш хойш түүхээ тодорхойлж ярьж бусдынхаа толгойг эргүүлээд, түүхийн бантан хутгаад хаячихсан болохоор Монгол гэдэг үг Хүннү болон бусад төрүүдийн нэрээс илүү ихээр сонирхол татаад, тэр хэрээр буруу зөв таамаг, тэнгэрт тулсан өндөр хийрхэл газар авсаар бэлэн баримттай мэдээллийг тоож харах хүн байхгүй, амар том утга учиртай гэж хүлээсэн хүлээлтээс нь тэс өөр, ядруу сул энгийн нэг аймгийн гарал үүсэлд холбоотой гэдэгт нь итгэж чадахгүй, баримтаас тойрч, аугаа их түүх болгох гэж дор бүрнээ хичээж зүтгэж байгаагаас болж Хүннүгийн түүхтэйгээ хольж хутгаад, алингаа алдаж ирсэн. Эх сурвалж судлал бий болсон цагаас эхэлж энэ бүх худал үнэн хадуурсан, зохиомол, бодол санаандаа үрслүүлж ургуулсан түүхийг цэгцэлж, бүгдийг эх сурвалжид бичигдэж тэмдэглэгдсэн баримтаар үнэн зөвөөр ухаж төнхөж манай түүхийн ноён нурууг нь гаргаж ирээд байна. Монгол гэдэг үг Мэнгу шивэйд очиж нийлж Мунгу ли болох гэсэн үгээс үүсэлтэй Менгули гэх үг. Энэ үгээр тэнгэр заяа, хүннүгийн удам угсаа энэ тэр гэж хадуурах ямар ч боломжгүй, Дунхугийн буюу Зүүн ху нарын хойчис Хятанчуудын нэг хэсэг, хойд хятанчууд дотор бий болсон үг хэллэг, хүн амтай холбоотой үг. Тэндээс гаралт хүн ам, овог аймаг энд манайд ирж төр байгуулан эндэхийн хүн ардыг удирдаж байсан түүх Сяньбэй, Роу ран, Их монгол төрүүдийн үед тохиосон. Үүнд эмзэглэх ямар ч шалтаг байхгүй, мал ахуйтны нийгэмд байдаг энгийн үзэгдэл. Тэнгэр заяа, Хүннүгийн удам угсаа гэдэг юм нь төр байгуулсан аль нэг аймагт хамаарах зүйл биш, харин энд хэдэн мянганаар оршин байгаа ард түмэнд, тэдний хэл, соёл, зан заншил, аж амьдралд нь хадгалагдсаар өнөөдрийн өдрийг хүртэл явж ирсэн гэдгийг ялгаж салгаж ойлгох ёстой юм.

    ReplyDelete