Thursday, November 12, 2015

МОНГОЛ гэх нэрийн тухай

Аливаа нэг нэр болгон өөрийн гэсэн утга учиртай байдаг. Тухайлбал хэл шинжлэлийн эрдэмтэд Чехүүд Германчуудтай нэг дор нутаглаж байхдаа тэднийг Немой буюу хэлгүй хүмүүс гэснээс Немц гэдэг нэр үүсчээ гэж тайлбарладаг. Америк тивийг анх нээсэн Христофер Колумб нутгийн уугуул иргэдийг Энэтхэгүүдтэй андуурч байснаас Индиан гэх нэр үүссэн гэж үздэг.
Аргентин улсын нэр гэхэд  "аргентум" гэдэг нь Латинаар мөнгө гэсэн утгатай. Худалдаачид Аргентины Рио де ла Плата (мөнгөн гол) хэмээх голоор Перугаас мөнгөн эдлэл болон бусад үнэт эрдэнэсийг зөөдөг байжээ. Тэгэхээр Аргентина гэдэг нь мөнгөний газар нутаг гэсэн үг аж. Хятадууд өөрсдийгөө ертөнцийн төв хэмээн “жун гуо” (中国) буюу дундад улс хэмээн нэрийдсэн байна.
Эртний монголчуудын дотор модыг шүтэх үзэл түгээмэл байсан бөгөөд үүний дотор бургас мод нэн чухал байр суурь эзэлж байсан нь одоо ч хадгалагдаж байна. Үүнээс үүдээд бургас модыг тотемчлон үзэж бургасныхан, бургасан овогтой гэсэн утгатай бураад буюу буриад гэсэн нэр үүсчээ.
Энэ мэтээр соёл иргэншилтэй улс үндэстэн зэргэлдээ орших овог аймгуудыг доромжилсон утгаар, мөн өөрсдийн үзэмжээр янз бүрээр нэрлэсэн нь байдаг. Эртний Хятадууд умард дахь нүүдэлчдийг  Хүннү (зэрлэг боолчууд), Гоужун (нохой эртэн), Дунху (дорнодын зэрлэгүүд), Жуань жуань (өт хорхой) гэх мэт нэрсээр өөрсдийн түүхэн зохиолуудад тэмдэглэсэн байдаг.
Тэгвэл МОНГОЛ  хэмээх нэр ямар утгатай вэ?
Монгол гэх нэр VII зуунаас эхлэн Хятадын судар ном, бичмэл түүхэнд  тэмдэглэгдэх болсон хэдий ч утгын талаар судлаачдын санал хуваагдмал хэвээр байх бөгөөд маш олон санал байна. Гадаад дотоодын олон судлаачид Монгол гэх нэрийг олон талаар тайлбарласан байдаг
Ø    Нутаг усны нэрнээс гаралтай гэх үзэл  
Монголчууд нутаг дотроо хийгээд гадагшаа гол усныхаа нэрээр дуудалцах нь заншил юм. Тэгвэл гурван голын сав нутаг, түүний дотор Онон голын сав чухамдаа Монгол төрийн өлгий голомт. Тэрүүхэн хэсэг газар нутгийн хvмүүс өөрсдийгөө ч “Oнон голынхон” гэх, бусад нутгийнхан ч тэднийг “Oнон голынхон” хэмээн дуудах нь гарцаагvй. Тийнхүү Онон гол, Онон голынхон гэх маягаар илүүц vе гээгдэж, задгай vе /Он/ нь хашигдаж Мон болох нь хэлзvйн жам ёс. Түүнчлэн /Монгол/ нэр үүссэн газрыг гурван голын /Хэрлэн, Онон, Туул/ -ын энгээр авч vзвэл /Олонгол/ ч байж болох.
Энэ нэрийг уул усны нэртэй холбож үздэг. Унгарын монголч эрдэмтэн хар Дорж Монгол гэдэг нэр нь Мон гэдэг голын нэрээс иш авсан гэж үзсэн байна. Гэхдээ Мон гэдэг гол олдоогүй юм байна. Нөгөө талаас Монгол аймгийнхан 3 голын эхэнд нутаглаж голынхоо эхийг Мон гэж нэрлэсэн байж болох юм.
Ø    Зонхилох овгийн нэрнээс үүдэлтэй гэх үзэл:
Хятадын түүхийн эх сурвалжид Монгол гэдэгтэй адил аялгуу ханз үсэг нь Тан улсын үед (618-907) Мэн-У, Мэн-Ва, Мэн-Гу гэсэн янз бүрийн хэлбэрээр бичигдэн үлджээ. Ялангуяа Хуучин Тан-шу сударт “Их Шивэйн олон аймгуудын бүрэлдэхүүнд багтдаг Хянганы уулсын зүүн талаар нутагтай Мэн-У нь Шивэйн аймгуудын зонхилох овог” гэж тэмдэглэгдсэн байна.
Мөн Мон-гол гэдгийг тэр үед “Мон” гэж нэртэй аймаг нь олон овог аймагтнуудыг нэгтгэхэд их үүрэг гүйцэтгэсэн учир “Гол” аймаг, улс гэснээс “Монгол” хэмээх нэр үүссэн гэж ихэнх судлаачид одоогоор тайлбарлаж байна.
Академич  Ч.Далай 10-11 зууны үед Мон гол буюу Мон голынхон гэдэг төв овог буюу Монгол хэмээх “гол аймаг” гурван голын эхээр нутаглаж байсан гэжээ.
Ø    Шашин шүтлэг, бэлэгдэлтэй холбоотой гэх үзэл:
 Бөө мөргөлийн бэлгэ тэмдгээр өгсөн нэр гэж үзсэн. Монка-тэнгри-гал гэдэг үгний ка-тэнгри нь хасагдаад. Цаашдаа 2 дахь үеийн эгшиг эхнийхтэйгээ ижилсэж Монгол гэдэг нэр үүсэн байна.
Түүхч Нагаанбуу "Монгол гэдэг нэр нь Мөнх гал гэсэн үгнээс үүдэлтэй. Галыг ихэд эрхэмлэн дээдлэх хэрэгтэй гэсэн нийтлэл хэвлүүлсэн байдаг. Өвөрмонголын түүхч Элдэнтэй, Ардаажав нар "Монгол гэдэг нэр нь Мөнка-тэнгри-гал гэсэн үгсийн дунд үеүд нь он удаан жилийн туршид гээгдэж улмаар үүссэн болой" гэх агуулгатай таамаглалыг дэвшүүлсэн байсан. Энэ үг нь мөнхрөх гэсэн агуулгатай болно.
Өвөрмонголын түүхч Гаваа Шинээр орчуулсан “Дөт тайллагат монголын нууц товчоо” бүтээлдээ "Монгол гэдэг нь (мөнх тэнгэрийн) мөнх болон овогтон ба аймагтны удамшилт бэлэг дэмбэрэл болсон (гал тулгын) гал хэмээх үг лугаа нийлэн Мөнхгал болжээ. Иймээс Монгол гэдэг нэр нь мөнхийн аймаг угсаа байг гэсэн санаа болой." гэсэн дүгнэлтүүдийг тус тус хийсэн байна.
Ø    Нийгэм түүхийн үйл явцын дундаас үүссэн гэх үзэл:
Монгол гэдэг нэрийг Хятад  судруудад Мэн-гү Ман-гу-зы Мон-гу-лун Ман-ту Мэн-гү-лүн хэмээх дуудлагатай дүрс бичгүүдээр тэмдэглэдэг байсан. Юан улсын  үеэс үүнийг нэг мөр Мэнгү гэж тэмдэглэдэг болжээ. Энэ нь хэдийнээс мунгинагсад хуучин бүдүүлэгчүүд гэсэн утгатай юм байна.Энэ нэр монгиносон мунгинасан гэдэг үгнээс гаралтай гэж үзсэн байна. Эртний Монгол аймгийн өвөг дээдэс Эргүнэ күнгээс мунгинан монгинон нүүсээр 3 голын сав газарт ирж суурьшсан.
Эрдэмтэн судлаач Г.Сүхбаатар Вэй улсын судраас их ул мөртэй тайлбар тавьжээ. Энэ нь Тоба улсын цэргүүд нэгэн аймгийг эзэлчихээд тэндээс нэг хүүг олзлон авчээ. Тэр хүүг Мугулюй гэж нэрлэсэн байна. Тэр хүү нь Их Нирун улсыг үүсгэн байгуулсан. Нирунчууд өөрийн удирдагчынхаа нэрээр аймгаа нэрлэсэн байж болох юм.
Монгол нэрийн түүхэн хөгжлийг дараах байдлаар харуулж болох юм. Үүнд:
1.    Эргүнэ-хун-аас гарч ирсэн олон овог аймгийн ерөнхий нэрийг Монгол гэх болж, тэр нэр нь сүүлдээ Дарлигин - МОНГОЛ хэмээх нэр болсон.
2.    X-XI зууны үед Монгол нэр, МЭНГҮ Шивэй,  МОНГОЛЖИН, МОНГЛУ гэх мэтээр монголчуудын нэгэн хэсэг овог аймгийн нэр болсон байна.
3.    XI-XII зууны эхэн үед монгол хэмээх нэр нь аймгийн холбоо, улсын нэр болсон юм. Хабул, Амбагай хаадын үед “Хамаг МОНГОЛ” хэмээн жинхэнэ ханлигийн (улсын) нэр болсон байна.  
4.    XIII зууны эхэн хагаст Хамаг Монголын нэр нь Их МОНГОЛ нэрээр солигдож, Их Монгол ба МОНГОЛЫН эзэнт гүрэн гэх нэр нь Их Юан нэрээр солигдох хүртлээ байсан бололтой.
5.    Улс төрийн бутралын үед баруун МОНГОЛ, зүүн МОНГОЛ хэмээн нэрлэгдэж баахан тархай бутархай шинжтэй болжээ.
6.    Манжийн эрхшээлийн үед монголчууд “ар МОНГОЛ”, “өвөр МОНГОЛ”, “ойрад  МОНГОЛ” гурван хэсэгт хуваагдан тусгаар тогтнолоо алдсан юм.
7.    1911 онд тусгаар тогтнолоо сэргээн улсаа Олноо Өргөгдсөн МОНГОЛ Улс  хэмээн нэрийдэж  VIII богд Жавзундамба хутагтыг хаан ширээнд суулгаж Наран гэрэлт, Түмэн наст хэмжээгүй эрхт хаан цол өргөмжилсөн юм.
8.    1924 онд хаант засгийг халж улсаа  Бүгд Найрамдах МОНГОЛ Ард Улс хэмээн нэрийдэх болжээ.
9.    1990-ээд оны ардчилал шинэчлэлээр улсынхаа нэрийг МОНГОЛ Улс хэмээн нэрийдэж, үүнийгээ үндсэн хуулиар баталгаажуулжээ.



Friday, November 6, 2015

МОНГОЛЧУУДЫН УГСАА ГАРВАЛ


Монголчуудын гарал үүслийн тухай асуудлыг түүхийн шинжлэх ухаан эдүгээ хүртэл нэгэн тийш болгон гүйцэд шийдвэрлэж хараахан чадаагүй хэвээр байна. Гэвч сурвалж бичгийн мэдээ сэлт, эртний судлалын зарим олдвор, уламжлагдсан аман домог зэргийг үндэслэн бас ч гэж өгүүлэн тогтоож болох ажээ.
“Монголын нууц товчоо”, “Судрын чуулган” зэрэг зохиолд Монголын удам угсааны тухай өгүүлэхдээ аман түүхийг ихэд ашигласан байдаг.
Төв азийн өндөрлөг буюу Монгол нутагт 800000-850000[1] тэртээгээс хүн тасралтгүй суурьшин ирснийг археологийн  судалгаа болон бичгийн эх сурвалжуудад тэмдэглэсээр ирсэн байна.
Монголын  өндөрлөгт нутаглаж байсан зонхилох аймаг болох Хүннүгийн холбоонд монгол, түрэг, хамниганаас гадна олон аймаг байсан ч зонхилогчид нь монгол угсаатан байжээ. Монголын нэрт эрдэмтэн Г.Сүхбаатар Хүннүгийн хэл, заншил, эдийн болон оюуны соёлыг нь тал бүрээс нь нухацтай иж бүрэн судалсны дүнд Хүннү нь монголчуудын өвөг дээдэс болохыг үндсэндээ нотолж баталсан билээ.
Эртний Хятадын сурвалж бичигт Хүннүгийн элэнц хуланцыг нийтэд нь Дорнод Ху (东胡 )гэж нэрлэдэг байжээ. Дорнод Ху нараас гаралтай Сүмбэ нарыг Шивэй аймгийн дээдэс гэж судлаачид үзэх болжээ. Шивэй гэж нэрлэдэг олон аймгийн дотор монгол нэртэй аймаг оршиж байжээ. Хүннү болон түүний удам угсаа Сүмбэ, Моюн, Тоба, Нирун гэх мэт янз бүрээр нэрлэгдэж байгаад VI-VII зуунд бараг нэр нь дурсагдахгүй шахам болсон байна.
Рашид ад Диний[2] судрын чуулганд тэмдэглэснээр олон зуун жилийн тэртээ  язгуур Монголчууд түрэг хэлтэн овог аймгуудад цохигдон хүн амын олонх нь алагдан зөвхөн нохос (нукуз) хиан (хиад) хоёроор толгойлуулсан хоёр тэргүүлэх яс буюу ястан үлдэж нутаг орноосоо дүрвэн зайлж Эргүнэ-Кун[3] (эгц ташуу уул)[4] хэмээх газар хүрч нуугдан нутаглажээ[5].
Эргүнэ-Кун бол эргэн тойрон уул хад, ой модоор хүрээлэгдсэн их л давчуухан бөглүү газар байсан бөгөөд гаднаас ганцхан зөрг зам нэвтрэн ордог гэдэг. Тэр зөрөг замыг гадны хүн олж нэвтрэхэд хэцүү ажээ. Тэнд очсон овог аймгууд ийм газар 400 гаруй жил нутаглажээ. Энэ хооронд хоёр яснаас салбарласан хүмүүс өсч үржин нукуз, урианхайд, хонгирад, ихрэс, олхонуд, элжигэн, арлут, сүлдэс, баяуд зэрэг 20 гаруй овог үүссэн гэж Рашид ад Дин тэмдэглэжээ. Зарин судлаачид 20 гаруй биш бүр 70-аад салбар овог болон өргөжсөн гэж үздэг.
Эргүнэ Кунгаас салбарлан гарч ирсэн тэдгээр овгуудын ерөнхийд нь ДАРИЛГИН МОНГОЛ  гэдэг байжээ. Тэрхүү дарилгин монголчуудын дотор хамгийн нэр нөлөөтэй нь Бүртэ-Чино[6] байсан бөгөөд Гоо Марал хэмээх ойн иргэний бүсгүйтэй нийлж ураг холбожээ[7]. Сурвалж бичгүүдэд тэмдэглэснээр тухайн үедээ Бүртэ Чино монгол овогтон аймгийн холбооны удирдагч нь байсан бөгөөд түүний шууд харъяалж байсан аймгуудыг монгол буюу монгол овогтон гэж нэрлэж байжээ[8].
Бүртэ Чино-ын захирч байсан монгол нутаг нь Онон мөрний эхэн, Бурхан Халдунаас Онон, Мөрөн,Туул гурван голын урсгал дагуу тэлэн өргөжиж байжээ.
Бүртэ-Чино олон хүүхэдтэй байсан хэмээн сурвалж бичигт тэмдэглэгдсэн байдаг. Бүртэ-Чино-ын дараа түүний хүү Батцагаан (Батча хан) гол монголыг захирсан зонхилогч болсон гэдэг.
Бүртэ-Чино-ын шууд угсааны 11 дэх үеийн залгамж Добу мэргэн гурван гол, Бурхан Халдун хавийн нутгийг эзэгнэн захирч байгаад зэл залуугаараа нас баржээ. Добу мэргэн нас барснаар язгуур монголын ханы суурь дарилгин монголоос НИРУН МОНГОЛ-д шилжсэн юм.
Нирун монгол гэдэг нь Добу мэргэний бэлэвсэн хатан Алунгоогийн ариун нуруунаас гэрлээр төрсөн тэнгэрийн хөвгүүдийн залгамж удам гэсэн утгатай үг юм. Нирун монголчуудын дотор 3 ялгаа байсан ба Алунгоогоос Хабул хааныг хүртлэх үеийг нийтэд нь НИРУН ; Хабул хааны 6 хөвгүүн дүү нар, үр ач нарын үеэс Есүхэй баатар хүртлэх үеийг НИРУН ХИАД; Есүхэй баатар Чингис хаан тэргүүтэн болон түүний хөвгүүдийн удам угсааг ХИАД-БОРЖИГОН  гэж тус тус нэрлэдэг байжээ.
Зарим Монгол сурвалжид, Тан улсын Дэ Цзун хааны “чжэн-юан”-ий 2-р он 786 буюу гал барс жил Бүртэ-чино-ын 29 настайд Батцагаан (Батча хан) төрсөн хэмээн бичсэн байна. Энэ зурвас мэдээг үндэслэн мөшгөвөл, Бүртэ-чино өөрөө шороо нохой жил буюу 758 онд, Боданчир төмөр морин жил буюу 970 онд, Чингис хаан усан морин жил буюу 1162 онд тус тус төрсөн болж таарч байна. Өөрөөр хэлбэл, Бүртэ-чино төрснөөс Боданчар хүртэл 212 жил болсон байна. Бүртэ-чино-ын захирч байсан монгол нутаг нь Онон мөрний эхэн, Бурхан Халдунаас Онон, Хэрлэн, Туул гурван голын урсгал дагуу тэлэн өргөжиж бараг хэдэн зуун жилийн турш Бүртэ-чино ба түүний язгуур угсаа нь үндсэндээ “язгуур монгол”-ын нутаг дэвсгэрийг дахин тогтоохыг эрмэлзэн тэмцэж явснаар тэр нь XII зууны дунд үед жинхэнэ биелэлээ олжээ.



[1] http://www.archaeology.mas.ac.mn
[2] Рашид ад Дин. Арабаар: رشیدالدین .Түүний нэр бүтнээрээ Рашид ад-Дин Фазлуллах ибн Абу-ль-Хайр Али Хамадани  (ойролцоогоор 1247- 1318 он). Монголын Илхаант улсын Газан болон Өлзийт хааны үеийн төрийн сайд асан, Ираны Хамадан хотод төрсөн, жүүд гаралтай. Рашид ад Дин нь Хасан хааны зарлигаар, Монгол, Перс, Хятад, Энэтхэг зэрэг олон үндэс угсааны, олон хэлний эрдэмтэд түүхчдийн тусламжтайгаар, тэр үеийн Монгол болон бусад улс түмний аман домог, түүх бичлэг болон угийн бичиг зэргийг ашиглан, 1301-1311 онд туурвисан “Судрын чуулган” хэмээх бүтээл нь түүх, угсаатны зүйн үнэт өв бүтээл төдийгүй хэл судлаачдын ч анхаарлыг зүй ёсоор татдаг.

[3] Энэхүү газар хаана байгааг эрдэмтэд янз бүрээр тайлбарласаар ирсэн ба дээр үед дээр үед Эргүнэ Кунгийн тухай Монгол ардын домог олон байжээ. XIII зууны үед Иранд очсон Монголчууд Эргүнэ Кунгийн домгийг сайн мэддэг байсан төдийгүй бараг нүдээр үзсэн мэт ярьдаг байжээ.
[4] Рашид ад Дин судрын чуулган х153
[5] Монголын түүх 2003.,УБ х44
[6] Бүртэ-Чино бол онгон шүтээн болсон араатан амьтны нэр биш монголын өвөг дээдэс болсон хүний нэр юм (Монголын түүхийн боти 2003, дэд дэвтэр х45)
[7] Лувсанчойндонгийн Монгол зан аалийн ойлбор 林胡
[8] Лу Алтантовч УБ.,1957.,УБ 11-р тал