Wednesday, April 6, 2016

БАЯНХОНГОР АЙМГИЙН ТҮХЭН ДУРСГАЛТ ГАЗРУУД

Монголын гайхамшиг бүрдсэн байгалийн үзэсгэлэнт газрыг уншигч таньд Breakingnews.mn сайтаас хүргэхээр бэлтгэлээ.  Монгол орны заавал очиж үзэх байгалийн дурсгалт газруудын нэг  байгалийн болон түүхийн дурсгалт газруудын талаарх танилцуулгын 2  дахь хэсэгт Баянхонгор аймгийн талаар орууллаа. 
Байгалийн үзэсгэлэнт газрууд:
1.  Нууруудын хөндий
Баянхонгор аймаг дахь Нууруудын хөндий нь Таацын цагаан нуур, Адгийн цагаан нуур, Орог нуур, Бөөн цагаан нууруудаас бүрдэх бөгөөд хамгийн том нь Бөөн цагаан хэмээх давст нуур юм. Нууруудын хөндий нь Рамсарын конвенцид бүртгэгдсэн ус намгархаг газар юм. Орог нуурын хаяанаас дэлхийн хамгийн эртний хүн амьдарч байсан буурь сууц олдож байсны зэрэгцээ, зүүн эргээр нь түүх соёлын нандин өв болох олон зуун хиргисүүр, булш бунханууд эгнэн байдаг билээ.

2.  Говийн үзэсгэлэнт байгаль
Говийн их дархан газар нь хоёр хэсэгтэй бөгөөд, А хэсэг нь Баянхонгор, Говь-Алтай аймгийн хамгийн урд захын улсын хилээс нааш 100 орчим километр өргөн газрыг хамрах бөгөөд Б хэсэг нь Ховд, Говь-Алтай аймгийн нутгийн заагийн урд захын улсын хилээс нааш 80 километр өргөн газрыг хамрах Говийн их дархан газрын нийт талбай 53117.3 ам километр буюу дэлхийн хамгийн их талбайтай дархан газрын нэг юм. 1996 онд ЮНЕСКО "Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь" зэрэглэлээр "Дэлхийн хүн ам ба шим мандлын нөөц газрын сүлжээ"-нд бүртгэн авчээ. Баянхонгор аймгийн говийн үзэсгэлэнт байгаль нь аймгийн төвөөсөө 150 километрт орших их говийн элсэн манхан, заган шугуйд шургалан тогтсон Монголын говийн хамгийн том нуурууд болох Бөөнцагаан болон Орог нуур, Монголын хоолойгоос эхлэн эх орны баруун хязгаар буюу Монгол улсын торгон хил хүртэл сунан тогтсон өргөн уудам нутгийг хамарна. Орог, Бөөнцагаан нууруудын эргэн тойрон дахь элсэн манханууд, говийн чимэг болсон заган шугуй, дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээн сүрэг гэх мэт Монголын их говь нутаг өөрөө ер бусын сонин өвөрмөц байгалийн үзэсгэлэн билээ.

3. Галуутын хавцал
Галуутын хавцал нь тус аймгийн Галуут сумын төвөөс баруун тийш 20 орчим км-т оршино. Олгой нуураас Галуут гол хойшоо урсан гарахдаа 2 км орчим урт энэ хавцлыг үүсгэжээ. Хавцал нь 100-150 орчим метр гүнзгий эгц цавчим бөгөөд өргөн нь дунджаар 10 метр, хамгийн нарийн газартаа 1 метр орчим болно.



4.Цагаан агуй
Баянхонгор аймгийн Баянлиг сумаас зүүн хойд зүгт 40 км зайтай оршино. Агуйн үүд нь баруун урд зүгт харсан байрлалтай, агуй нь хоорондоо холбоотой гурван үндсэн том тасалгаатай. Агуй нь өндөр хэсэгтээ 10 м, өргөн хэсэгтээ 8 м хүрэх бөгөөд нийт урт нь 32 метр байна. 700000 жилийн тэртээд хүн амьдарч байсан ул мөрийг 1987, 1989, 1995, 1996, 1997, 1998 онуудад хийсэн малтлага судалгааны үр дүнд тогтоожээ. Эдгээр судалгааны үр дүнд Монгол болон Төв Азийн энэ бүс нутаг дөрөвдөгч галавын сүүл үед урин дулаан уур амьсгалтай байсныг судлаачид тогтоожээ.



5. Бичигт хад
 Баянхонгор аймгийн Баянгийн нурууны Их бичигтийн аманд байх байгалийн сүг зураг бүхий галерей юм. Одоогоос 3000 жилийн өмнөх үед хамаарах эртний хүмүүсийн хаданд үлдээсэн бичиг соёлын чухал дурсгал ажээ. Анжисанд үхэр хөллөөд газар хагалж буй хүний дүрслэл нь анхаарал татдаг. Үүнээс үзэхэд энэ нутагт амьдарч байсан хүмүүс малын ашиглан тэргэнд хөллөж тэдний хүчээр газар хагалж тариа будаа тариалж байсныг илтгэж байгаа юм. Мөн энэ дүрслэл дэлхий дээр хамгийн анх тэрэг бүтээсэн ард түмэн бол Монголчууд байж болохыг харуулж байж магадгүй юм хэмээн нэгэн судлаач өгүүлжээ.



6. Шатар чулуун хөшөө
МЭӨ 3000 жилийн тэртээх хүмүүсийн оюуны соёлын гайхамшигт өв бол Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт байрлах Шатар чулууны хөшөө дурсгал юм. Энэ чулууны хөшөө дурсгалын цогцолбор нь буган чулуун хөшөөн сийлбэр хээтэй, дөрвөлжин чулуун хашлага бүхий оршуулгатай, Монгол шатрын дүрстэй янз бүрийн амьтны чулуун сийлбэрүүд бүхий хиргэсүүрүүдээс бүрдэнэ. Манай эриний 450-550 оны үед Монголчуудын өвөг дээдэс Хүннү нар шатар тоглодог байсныг Английн эрдэмтэн Г.Мэрэй "Шатрын товч түүх" номондоо бичсэн байдаг. Энэ сурвалжаас үзвэл Хүннүгийн үеийн уг хөшөө нь Монголчууд эрт үеэс шатар тоглодог байсныг илтгэсэн дурсгал ч байж болох юм.


7. Түрэгийн үеийн бичээс
 Баян-хонгор айм-гийн Галуут сумын нутагт VII-VIII зууны үед Монгол нутагт төрт улсаа цогцлоон бай¬гуулсан Хөх Түрэгийн хаант улсын үед холбогдох язгууртны тахилын онгон байдаг. Энэ нь дөрвөн хавтан чулуугаар хашлага хийж дээрээс нь голдоо нүх¬тэй чулуугаар тагласан онгон бөгөөд хавтангийн гурав нь сийлмэл хээтэй, нэг хавтан дээр эрт¬ний Түрэгийн гурван мөр руни бичээс сийлээстэй.


8.  Бүгийн цавийн хоолой
Бүгийн цавын хоолойд зочлох үед өөр гариг ертөнцөд хөл тавьсан мэт сэтгэгдэл төрж, одоогоос 150 гаруй сая жилийн тэртээх амьдрал төсөөлөгддөг. Тэнд ертөнцийн гайхамшиг хэмээгдэх 50-иас 80 тонн жинтэй, 20 шахам метр урт, 1.5-аас 30 метр жижиг болон аварга том үлэг гүрвэлүүдийн бүхэл саланги холилдож чулуужиж хоцорсон яс, дун хясаа зэрэг цэнгэг усны амьтадын чулуужсан яс, далайн ёроол байсныг илтгэх шавар хэрмэн цавуудыг үзсэнээр монголын говь нутаг нь 200-100 сая жилийн тэртээ гадагшаа урсгалгүй цэнгэг усны ай сав газар байсныг мэдэх болно.


9.   Шаргалжуутын халуун рашаан
Шаргалжуутын халуун рашаан нь 108 төрлийг өвчнийг анагаах чадвартай, 108 төрлийн халуун, хүйтэн рашаануудаас бүрддэг. Хамгийн халуун нь +96 хэмийн халуун байдаг. Шаргалжуутын рашаан бүр нь хүний бие эрхтнүүдийн байгалиас урлан бүтээсэн хэлбэр дүрс бүхий хад, чулуунаас ундран гардаг. Тухайлбал, хоолой өвчнийг анагаах рашаан гэхэд хүний хоолойн хэлбэр дүрстэй хаднаас, шүдний рашаан гэхэд шүдний хэлбэр дүрс бүхий хаднаас оргилон гарч байдаг нь байгалийн сонин хачин гайхамшгийн нэг юм.



10.  Их Богд уул
Говь-Алтайн нурууны ноён оргилуудын нэг, мөнх цаст Их Богд уул нь далайн түвшнээс дээш 3957 метр өргөгдсөн, Монголын их говьд орших атлаа хангайн байгалийг санагдуулам номин ногоон хөвд ургамал, өнгө алаглах цэцэгсийн хүрээлэн, хүрхрэн шуугих өндөр уулын түргэн урсгалт гол горхи, газар хөдлөлтөөс тогтсон байгалийн өвөрмөц сонин тогтоц, нуур, дэлхийд ховордож дархлагдсан аргаль, янгир, ирвэс зэрэг ховор ан амьтад, вансэмбэрүү, алтангагнуур, лидэр зэрэг эмийн ургамлуудыг үзэж болох юм.
Ууланд аялах дуртай аялагчдын сонирхлыг татдаг бүс нутгийн нэг нь их Богд уул юм. Их говийн дархан газар, байгалийн сонин тогтоц олонтой. Их Богд уул, Ичээтэй жарангийн нуруу, Өлзийт, Ноён, Тариат, Бургалтай зэрэг хараа булаам үзэсгэлэнт сайхан уулсаар чимэглэгдсэн болно. Хулан, хавтгай, аргаль, янгир, тэр ч байтугай Монголын улаан номд бичигдсэн олон олон ан амьтад бий.


11.  Хачин ламын хийд
 Хачин ламын сүм нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын төвд хуучны Сайн ноён хан аймгийн Дайчин вангийн хошууны нутаг, Түйн голын эрэгт хошуу Ноёны шутлэгийн ламд зориулан 1903 онд бүтээгджээ. Хачин ламыг төвдийн Ванчин эрдэнээс VIII Богд Жавзандамба хутаггын багш ламаар илгээсэн хэдий ч тодорхой учир шалтгааны улмаас Богдын багш болж чадаагуй учир Богдын хүрээнээс гарч дээрх хошуу нутагт ирж суурьшин нутгийн олон түмэнд эрдэм ухаанаараа хүндлэгдэн мэргэн Хачин, Хачин багш, Хачин номун хаан хэмээн алдаршжээ. VII Богд гурвал Хачин ламтай байсан гэдэг. Хачин гэдэг бол өглөө, үдэш жавтий буюу ариун цэврийг хамгаалах ариутгал хийдэг хүнийг хэлдэг байна. Сүм нь хоёр давхар, урд талын хаалгаар нь ордог байна. Доод давхар нь өвлийн сууц бөгөөд дотроо хоёр өрөөтэй, гадна талаас нь галлаж ханзыг халаадаг, дээд давхар нь дотроо гурван өрөө бүхий зуны сууц ажээ. Сүмийн ханануудад үлгэр, домгийн сэдэвтэй төвд зураачдын өнгө ялган зурсан зурагнууд голлох бөгөөд нэг монгол зураачийн энэ хэлбэрээр зурсан "Дугар Зайсан" гэдэг зураг байдаг.


11.  Биндэръяа хөх нуур. 
Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутагт байх энэхүү нуур байгалийн гайхамшигтай өвөрмөц тогтоцтой. Уулсаар хүрээлэгдсэн биндэръяа хөх өнгөтэй энэхүү нуур дээд зэргийн цэнгэг ус, олон төрлийн усны шувуудаараа алдартай. Олон зууны тэртээгээс түүх шастирт бичигдэж ирсэн энэхүү нуурыг сүүлийн жилүүдэд зорьж очигсод олон болжээ.


Эх сурвалж: http://free.zone.mn/content/read/43775.htm

АРХАНГАЙ АЙМГИЙН ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРУУДЫН НЭРС

1. Жаргалант сум Улиастайн голын хадны зураг

2. Тариат, Өндөр-Улаан сум Суман голын хадны зураг

3. Батцэнгэл сум Хөрөөгийн үзүүрийн хадны зураг

4. Их тамир сум Алтан сандал уулын буган хөшөө

5. Цэцэрлэг хот Арцатын амны буган хөшөө

6. Их тамир сум Баянцагааны хөндийн буган хөшөө

7. Эрдэнэмандал сум Бөмбөгөр уулыг буган хөшөө

8. Өндөр-Улаан сум Жаргалантын буган хөшөө

9. Эрдэнэмандал сум Их жаргалантын дурсгал

10. Өлзийт сум Мөнгөний хөндийн буган хөшөө

11. Хайрхан, Эрдэнэмандал сум Уртын амны буган хөшөө

12. Их тамир сум Хавцлын амны буган хөшөө

13. Хотонт сумын төв Буган хөшөө

14. Цэнхэр сум Хөшөөтийн амны буган хөшөө

15. Эрдэнэмандал сум Хүнүй голын буган хөшөө

16. Их тамир сум Цацын эрэгийн буган хөшөө

17. Цэцэрлэг хот Буган хөшөө

18. Өндөр-Улаан сум Хөшөөтийн амны буган хөшөө

19. Батцэнгэл сум Чулуут, Тээлийн голын буган хөшөө

20. Их тамир сум Шивэртийн амны буган хөшөөт

21. Тариат сум Баян цагааны хүн чулуу

22. Хотонт сумын төв Дадгын өвөлжөөний хүн чулуу

23. Хайрхан сум Хүн чулуу

24. Тариат сум Эмээл толгойн хүн чулуу

25. Хайрхан сум Алтан сандал уулын булш

26. Хайрхан сум Гол модны хүннүгийн булш

27. Хайрхан сум Дэлэн толгойн монгол булш

28. Батцэнгэл сум Наймаа толгойн хүннү булш

29. Хайрхан сум Солби уулын хүннү булш

30. Хашаат сум Хана уулын хиргисүүр

31. Батцэнгэл сум Худгийн толгойн хүннү булш

32. Хашаат сум Хутаг уулын хиргисүүр

33. Хотонт сум Дойтын толгойын туйр

34. Хотонт сум Хар балгас

35. Эрдэнэмандал сум Хар хул хааны балгас

36. Хашаат сум Билгэ хааны цогцолбор дурсгал

37. Аймгийн музей Бугатын дурсгал

38. Эрдэнэмандал сум Их Хануй уулын түрэг бичээс

39. Хашаат сум Кул-Тегиний гэрэлт хөшөө, мөн хөшөөны мэлхий чулууны түрэг бичээс болон Кул-Тегиний цогцолбор дурсгал

40. Хашаат сум Билгэ хаанд зориулсан гэрэлт хөшөөний Түрэг бичээс

41. Их тамир сум Тайхар чулуу

42. Хашаат сум Хар балгасны нэг хоёрдугаар бичээс

43. Аймгийн төв Заяын хүрээ 

Эх сурвалж: http://biznetwork.mn/network/topic/show/7887

Sunday, April 3, 2016

ХОВД АЙМГИЙН ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛ

Ховд аймгийн нутаг дахь археологийн дурсгалууд

Хойт Сэнхэрийн агуйн зосон зургууд
Агуй нь Манхан сумын төвөөс баруун хойт зүгт 25 км-т Хойт Сэнхэрийн голын хөвөөнд оршино. Их, бага хоёр агуйнаас бүрдэнэ. Их агуй зүүн талынхаа хунхад алдарт зургаа хадгалан үлджээ. Агуй нь гантиг чулуунаас тогтсон бөгөөд уулын хормойгоос 100 орчим метрийн өндөрт байрлана. Агуйн дотор талын өндөр нь 15 метр. Агуй багтаамжийн хувьд асар том бөгөөд түүнд ороход эртний томоохон сүм юм уу, эс бөгөөс орчин үеийн томоохон театрт орж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Агуйн 4 хунхад арслан заан, аргаль, тэмээн хяруул, савгат хирс, цэн тогоруу, зээр, могой зэрэг амьтдыг маш уран хийц, зохиомжтойгоор улаан зосоор зурж дүрсэлжээ. Хойт Сэнхэрийн агуйн зураг нь урлаг судлаачдад уран зургийн галерей, түүхчдэд түүхийн үнэт сурвалж, бичиг үсэг судлаачдад бичиг үсгийн цагаан толгой, палеонтологичдод эртний амьтны хүрээлэн, математикчдад тооны дугаарлал, тооллын систем болон бидний үед уламжлан иржээ .
Ишгэн толгойн хадны зураг 
Манхан сумын төвөөс хойш 6 км орчимд жижиг хадан толгой оршино. Үүнийг нутгийнхан “Ишгэн толгой” хэмээдэг. Ишгэн толгойн хадны зургийг 1979 онд илрүүлжээ. Профессор Д.Цэвээндоржийн тодорхойлсноор Ишгэн толгойн хаданд нийт 150 гаруй зураг дүрсийг сийлснээс хүн-1, адуу-18, үхэр-13, буга, хандгай, гөрөөс-19, тэмээ-1, янгир -17, аргаль-11, могой-5, бар-3, тэмдэг үсэг-53 байдаг аж.
Ишгэн толгойн хадны зураг нь сэдэв, зохиомж, дүр дүрслэлийн арга барилаараа Чандмань хар үзүүрийн зурагтай, зарим шинжээрээ Хойт Сэнхэрийн агуй, Шишкино хясааны зургуудтай тус тус төслөг байна. Иймд археологич А.П.Окладников, Д.Цэвээндорж нар Ишгэн толгойн хадны зургийг дээрх дурсгалуудтай харьцуулан үзээд, хуучин чулуун зэвсгийн дээд шатанд холбогдуулан үзсэн билээ

Чандмань хар үзүүрийн хадны зураг
Буянт сумын нутагт Буянт голын гүүрний хойт талд сумын төвөөс 3 км-т орших өнчин толгойг Чандмань хар үзүүр гэнэ. Тус хадны зургийг судлаачид 1966 онд илрүүлэн судалжээ. Зураг нь он цагийн хувьд палеолит буюу хуучин чулуун зэвсгийн үед холбогдоно.
Чандмань хар үзүүрийн хадны зургийг:
Нэгдүгээрт: Амьтдын биеийн ерөнхий тэгийг хөвөөлөн цохих
Хоёрдугаарт: Бүх талбайгаар нь хонхойлон цохих
Гуравдугаарт: Биеийн ерөнхий тэгийг хөвөөлөн цохиод, зөвхөн цээжний  хэсгийг  нийтэд нь хонхойлгон цохих зэрэг арга барилыг хэрэглэжээ.
Чандмань хар үзүүрийн хадны зургийн гол сэдэв нь ан амьтны дүр дүрслэл юм. Тухайлбал, адуу, үхэр, буга, бух, аргаль, янгир, чоно, үнэг, могой, усны шувуу зэрэг амьтдын дүрийг сийлжээ
Урд Хясааны хадны зураг
Урд Хясааны хадны зураг Манхан сумын нутагт Хойт Сэнхэрийн агуйгаас 1 км орчим зайд оршиж буй. Энд нэгэн том хадан дээр 10 гаруй зураг бий. Хадны зурагт их төлөв үхэр, бух зэргийг дээш, доош нь харуулан сийлсэн байна. Амьтдыг их зохирол, уран төгс гүйцэтгэлтэй дүрсэлжээ. Тэгээд ч зургийг зурахдаа зохиомжоо нэлээд өвөрмөц сонгож авсан нь онцгой анхаарал татаж байна.
Урд Хясааны хаданд амьтдын дүрсийг сийлэхдээ:

Нэгдүгээрт: Амьтдын биеийн ерөнхий тэгийг хөвөөлөн цохих
Хоёрдугаарт: Биеийн ихэнх хэсгийг бүх талбайгаар нь хонхойлгон цохиод, зөвхөн цээжин хэсэгт маш бага талбайг цохилгүй орхих зэрэг арга барилыг хэрэглэжээ.

Баянзүрхийн буган чулуун хөшөөд
Баянзүрхийн буган хөшөө нь Мөст сумын төвөөс баруун зүгт 50 гаруй км-т Баянзүрх багийн төвийн орчимд бий. Энэ хөндийд нийт 30 гаруй буган чулуун хөшөө байдаг. Баянзүрхийн буган хөшөө нь “Тал дахь уран баримлын үзэсгэлэн” мэт сүрлэг бөгөөд Баруун Монгол дахь буган хөшөөний хамгийн том цогцолбор юм.
Дээрх дурсгал буй газар орон нь эртний түүх соёлын дурсгалуудаар арвин баялаг. Тухайлбал буган хөшөөдөөс чанх өмнө зүгт овоолоостой хүрээ далантай хэд хэдэн том хиргисүүр, 10 гаруй булш буй бөгөөд энэ нь Баянзүрхийн хөндий Баруун Монголын эртний түүх соёлын чухал бүс нутаг агсныг илтгэнэ
Тавтын хөтлийн буган чулуун хөшөөд
Мөст сумын нутаг Тавтын хөтөл дээр 3 буган чулуун хөшөө бий. Эдгээр хөшөөд нь х.ө 46°56.932, з.у. 092°26.460-ын солбилцолд д.т.д. 2353 метрийн өндөрт оршино.
Хөшөө-1.Өндөр 117 см, зузаан 17 см, өргөн 52 см. Зүүн талд гурван ташуу зураас дүрсэлжээ. Уг хөшөөг хөх саарал өнгийн боржин чулуугаар хийжээ.
Хөшөө-2.Эхний хөшөөнөөс 220 см хойт зүгт байрлана. Цагаан саарал өнгийн боржин чулуугаар хийгдсэн. Өндөр 120 см, зузаан 18 см, өргөн 50 см. Доод бүс, урд талд нар дүрсэлсэн. Хөшөө-3.Өндөр 92 см, зузаан 25 см, өргөн 40 см. Дээд бүсийг дүрсэлжээ. 2-р буган чулуун хөшөөтэй ижил түүхий эдээр үйлдэгдэж, түүнээс 3 метр зайд босгожээ
Тэлэнгидийн амны буган чулуун хөшөө
Тэлэнгидийн амны хөшөө нь Мөнххайрхан сумын төвөөс баруун зүгт 5 км-т оршдог. Манай орны нутгаас одоогоор олдоод буй буган хөшөөдийн дотор бух дүрсэлсэн тохиолдол Тэлэнгидийн амны хөшөөнөөс өөр үгүй. Хөшөөг ягаавтар өнгийн боржин чулуугаар үйлдсэн бөгөөд өндөр нь 127 см, өргөн нь 53 см, зузаан нь 25 см. Хөшөөний нүүрэн талд дугуй дүрс, бух зэргийг дүрсэлжээ.
Бухыг том эвэртэй, том биетэйгэр бодит байдлаар урласан байна. Дээд бүснээс доош янгир дүрсэлжээ. Баруун хажуу талд дээд, доод бүс, зүүн хажуу талын дээд хэсэгт бүс дүрсэлсэн байна. Бүсний дээд хэсэгт хоёр ташуу зураастай. Доод бүс дүрсэлж бүсний орчимд мушгирсан дүрс сийлжээ. Өгүүлэн буй хөшөө нь дүрслэлийн хувьд маш өвөрмөц. Манай орны нутгаас одоогоор олдоод буй буган хөшөөдийн дотор бух дүрсэлсэн тохиолдол Тэлэнгидийн амны хөшөөнөөс өөр үгүй

Хотгор хагийн буган чулуун хөшөөд
Мянгад сумын төвөөс зүүн хойт зүгт 115 км орчимд Хотгор хаг хэмээх газар гурван буган чулуун хөшөө бий..
Хөшөө-1. Хөшөөг ягаан өнгийн боржин чулуугаар үйлдсэн бөгөөд өндөр нь 275 см, өргөн нь 47 см, зузаан нь 13 см. Нүүрэн талд нь дээд бүс дүрсэлсэн. Бүсний дээд хэсэгт дугуй дүрс сийлжээ. Дээд бүсний доод хэсэгт загварчлах аргаар урласан 5 бугыг хөшөөг бүхэлд нь ороож сийлсэн. Доод бүсийг тодорхой дүрсэлсэн. Доод бүсний доод хэсэгт 2 бугыг хөшөөг ороож дүрсэлжээ. Хөшөөний хойт талын доод бүс хүртлэх хэсэг нь нэлээд элэгдсэн учир дүрслэл нь төдий л мэдэгдэхгүй. Харин доод бүсийг тод дүрсэлжээ. Баруун хажуу талын хэсэгт дээд, доод бүсийг тодорхой дүрсэлжээ. Дунд хэсэгт таван буга сийлжээ. Зүүн хажуу талын хэсэг нь салхины элэгдэлд өртсөн тул дүрс нь төдий л мэдэгдэхгүй байна. Хөшөөний хашлаганы зүүн талд чулуу босгожээ. Чулууны өндөр нь 133 см, өргөн нь 45 см, зузаан нь 30 см.
Хөшөө-2.Ягаан өнгийн боржин чулууг үйлдэж хийсэн. Өндөр нь 186 см, өргөн нь 65 см, зузаан нь 13 см. Нүүрэн талын дээд хэсэгт дээд бүс дүрсэлсэн. Бүсний дээд хэсэгт дугуй дүрс сийлсэн. Дунд хэсэгт 3 буга сийлжээ. Доод бүсийг тодорхой дүрсэлсэн. Доод бүсний доод хэсэгт нэг бугыг хөшөөг ороож сийлжээ.
Хөшөөний хойт талын дээд хэсэгт дээд бүс дүрсэлсэн. Бүсний дээд хэсэгт дугуй дүрс сийлсэн. Доод бүсийг тод дүрсэлсэн. Баруун, зүүн хажуу талд нь дээд, доод бүс дүрсэлсэн. Хөшөөг дөрвөлжин хашлаган дээр босгожээ.
Хөшөө-3. Ягаан өнгийн боржин чулууг засалгүй босгожээ. Өндөр нь 113 см, өргөн нь 49 см, зузаан нь 29 см. Хөшөөдийг дөрвөлжин хашлаган дотор суулгажээ
Хонгиогийн голын буган чулуун хөшөөд 
Ховд аймгийн төвөөс 90 орчим км-т Эрдэнэбүрэн сумын нутаг Хонгиогийн голын сав дахь Баян-Энгэр хэмээх газар дөрвөн буган хөшөө бий. Хөшөөдийг хөх саарал өнгийн чулуугаар үйлджээ. Хөшөөнд морь, нохой, янгир зэрэг амьтдыг урлажээ.










Ямаан-Усны хадны зураг 
Алтай сумын Ямаан-Усны баруун тийш харсан 10 орчим метрийн өндөр ханан хаданд түүхийн өөр өөр үед холбогдох зургуудыг нэлээд гүн хонхойлон сийлсэн нь 100 гаруй метрийн холоос маш тод харагдана. Зургууд нь хавцал дахь “Уран зургийн галерей”-г санагдуулна. Ямаан-Усны хадны зургийг нийтдээ 4 хэсэг талбайд зуржээ.
Ямаан-Усны хадны зураг нь зохиомж, харьцаа, хэллэг  гүйцэтгэлээрээ Монголын хүрлийн үед холбогдох хадны сийлмэл зургуудын дотор чухал байр эзэлнэ. Ямаан-Усны хадны зурагт нохой, янгир, нум сум харваж буй хүн, нум сум агссан морьтой хүн, морь унаж гартаа ямар нэгэн аргамж, бугуйл барьсан хүн, адуу, янгир, тэмээ зэрэг амьтад, тамга тэмдгийн зүйл, тэрэгний зураг зэргийг маш уран дүрсэлжээ.
Ямаан-Усны хадны зургийн төв хэсэгт гурвалсан морь хөллөсөн сүйх тэрэг дүрсэлж, сүйх тэрэгний өмнө талд нум саадаг агсан морьтой хүн, ар талд нь дагаж яваа морьтой хүн зэргийг урласан ажээ. Өгүүлэн буй зурагт сүйх тэрэгтэй нэгэн язгууртан заларч буйг маш тодорхой харуулсан байна. Сайхь зураг нь чадварлаг уран дүрслэлтэйгээс гадна сүйх тэрэгний нум, арал, бүхээг, бүхээгний чимэглэл, гурвалсан морины зугуухан хатиралт зэргийг тов тодорхой харуулжээ. Судлаачид сайхь зургийг Хүннүгийн үед хамааруулан үздэг билээ
Баатархайрханы хадны зураг
Баатархайрханы хадны зураг нь Ховд хотоос баруун өмнө зүгт 8 км-т оршдог. Уг зургийг анх 1969 онд Монгол-Оросын археологичид илрүүлэн судалжээ. Энд ноцолдож буй үнэг, шилүүс, нохой, хүн, янгир, загварчилсан байдлаар урласан тэмээ, нум сумтай анчин, даага унаад  явж буй жижиг хүүхдийг тус тус урласан байна. Баатархайрханы хадны зургийг сийлэхдээ их төлөв биеийн ерөнхий тигийг хүрээлэн цохисон байна. Судлаачид, эдгээр зургуудыг он цагийн хувьд хүрэл зэвсгийн үед холбогдуулан үзжээ.
Хадны төв хэсэгт мөн “Энэ ууланд маань талбиваас мянган галавт хураасан хилэнц арилах больюу” хэмээх үгийг худам монгол бичгээр бичжээ. Бичгийг нэлээд хожуу сийлсэн нь тодорхой байна.
Нүхэн өтөгийн хадны зураг
Манхан сумын нутаг Хойт Сэнхэрийн агуйгаас хойт зүгт 3 км орчимд Сэнхэрийн голын хойт этгээдэд Нүхэн өтөгийн ам өгсөөд нэгэн бууц бий. Түүнийг нутгийнхан “Нүхэн өтөг” гэж нэрлэнэ. Өтөгийн дээд талын хад болоод өтөгөөс доош үргэлжлэх жалгын зүүн талын наран ээвэр хаданд зураг зурсан байна. Нүхэн өтөгийн хадны зураг дундаа бага зэрэг тасалдалтайгаар 2 км орчим үргэлжилнэ.
Нүхэн өтөгийн хадны зургийн гол сэдвүүдийг хураангуйлбаас:
Нэгдүгээрт: Овгийн байгууллын задрал
Хоёрдугаарт: Ан ав
Гуравдугаарт: Мал аж ахуйн сэдэвтэй зургууд байна.

Норжинхайрханы хадны зураг
Норжинхайрханы хадны зураг нь Ховд хотоос 20 орчим км зайд х.ө 480 08. 31.7, з.у 0910 43.49.4//-ын солбилцолд д.т.д 1255 метрийн өндөрт байрлаж байна. Уг хаданд явган хүн, гурван хуруутай хүн, морьтой хүн, үхэр, аргаль, буга, чоно, адуу,  үнэг, гахай, тэмээ зэргийг дүрсэлжээ. Сайхь хадны зураг нь хүрэл зэвсгийн үед холбогдох бололтой. Эдгээр зургуудыг бүх талбайгаар нь хонхойлгох, биеийн аль нэг хэсгийг хонхойлгон сийлэх арга барилыг хэрэглэж сийлсэн байна

Шаврын амны өвөлжөөний хадны зураг
Эрдэнэбүрэн сумын нутаг Хонгион голын ар хэсэг Дунд нурууны баруун өмнө хэсгээс орж ирсэн уудам салааг Шаврын ам гэнэ. Тэнд олон тооны хадны зургууд бий. Уг дурсгал нь х.ө 48.25.42.7//, д.у 90.51.48.0//-ын солбилцолд д.т.д 2151 өндөрт оршино.  Зургууд нь наран ээвэр талд зурагдсан бөгөөд маш сайн хадгалагдаж үлдсэн байна. Үүнд буга, согоо, урт сүүлтэй янгир, сүүлний үзүүрийг бөөрөнхий хэлбэртэй зурсан янгирууд, нум сумаар ан хийж буй хүмүүс, үнэг, чоно, адуу, ирвэс зэргийг дүрсэлсэн байна. Эдгээр зургууд нь Монгол орны хүрэл зэвсгийн үед холбогдоно.

Тахилтын хотгорын хүннү булш
Манхан сумын нутаг Тахилтын хотгорт Хүннүгийн үед холбогдох олон арван булш бий. Тахилтын хотгор нь Манхан сумын төвөөс баруун хойт зүгт 10 орчим км-т оршино Энд бүрэн бус тоогоор нийт 200 гаруй булш байдаг аж.
Тахилтын хотгорын Хүннү булшнууд нь Монгол Алтайн нурууны зүүн салбар уулсын нэг Цахир хайрханы ар, доод Тахилтын өвөр завсар дахь харганатай элсэрхэг хөндийд өргөрөгийн дагуу сунаж тогтсон өнөөгийн байдлаар Баруун Монголд мэдэгдэж буй Хүннүгийн хамгийн том цогцолбор дурсгал юм
.
Цамбагаравын Хар хадны зураг
Хар хадны зураг нь Ховд аймгийн төвөөс 90 орчим км зайд Эрдэнэбүрэн сумын нутаг Цамбагарав уулын өвөр сугад оршдог. Хадны зургууд нь уулын урд энгэрийн толигор хаданд 10 орчим метрийн өндөрт байрлана. Зургууд нь маш тод. Энэ хаданд түүхийн өөр өөр үед холбогдох нэлээд тооны зураг бий. Үүнд: олон салаа эвэртэй буга, том эвэртэй янгир, тэмээ, үнэг, нохой, хуягт морин цэрэг зэрэг болно. Эдгээрээс хамгийн сонирхолтой нь хуягт морин цэргийн зургууд юм. Уг хаданд нийт 6 хуягт морин цэргийг дүрсэлжээ.
Цамбагаравын Хар хадны зураг нь Монгол орны нутгаас одоогоор олдоод буй Монгол Нирун улс (Жужан)-ын үед холбогдох цорын ганц урлагийн дурсгал болж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.

Долоон нуурын хүн чулууд
Долоон нуурын хүн чулуу нь Мөнххайрхан сумын төвөөс баруун тийш 22 км-т оршино. Энд нийт 2 хүн чулуун хөшөө бий. Эдгээр хүн чулуун хөшөөд нь он цагийн хувьд Түрэгийн хаант улсын үед холбогдоно.
Хүн чулуу-1. Хөшөөний өндөр нь 77 см, мөрний өргөн 33 см, зузаан нь 15-17 см. Хүн чулууг шаргал өнгийн боржингоор хийсэн бөгөөд толгойн орой мөлгөр бөөрөнхий, малгай өмссөний шинж тэмдэггүй. Нүүр нь гонзгой бөгөөд хоёр хөмсгийг дугуйруулан урт шулуун хамартай нийлүүлэн үргэлжлүүлжээ. Нүдний гадуур хүрээ хийжээ. Махирласан живэр сахал, түүний дор уруулыг товойлгон дүрслээд амыг хонхойлж гаргажээ. Хүн чулууг тойрсон бас нэг хашлага мэт зүйл байгаа нь сонирхолтой. Үүнээс зүүн урагш 70  метр зайд 14 зэл чулуу байна.
Хүн чулуу-2. 1-р хүн чулуунаас зүүнтээ 5.5 метр зайд хоёр дахь зэл чулуу болгон зоосон хүн дүрст хөшөө бий. Өндөр нь 67 см, мөрний өргөн 35 см, зузаан нь 10 см. Хөшөөг хөх саарал өнгийн занараар хийж нүүрэн талаар нь түрүүчийн хүн чулууны өөдөөс харуулан зоожээ. Их биеийг нь засч янзлаагүй боловч толгойн хэсгийг товойлгон гаргаад нүүр ам сийлсэн ба толгойн дээд тал элэгдэж гэмтээд зөвхөн хамар, амны дүрс, эрүүг заагласан зураас сайн мэдэгдэж байна
Шуурхайн Хөх нуурын хүн чулуу
Мөнххайрхан сумын төвөөс баруун зүг 25 км-т Цаст Мөнххайрхан уулын зүүн хойт үзүүрээс 2-3 км зайтай хэсэгхэн тэгш талбайд, хэдэн хиргисүүрийн ойролцоо Түрэгийн үеийн тахилын нэг онгон буй. Түүний өмнө талд  нэгэн хүн чулуун хөшөө бий. Хөшөөний дүрслэл, эд юмс, онгоны байгууламжийн зохион байгуулалт зэрэг нь Түрэгийн үеийн дурсгал болохыг хөдөлбөргүй гэрчилнэ. Энэхүү хөшөө нь манай орны нутагт буй Түрэгийн хүн чулуун хөшөөдөөс хамгийн өндөрт байрлаж байна.





Доод Улаан говийн амны хүн чулууд
Мөнххайрхан сумын төвөөс урагш 3.5 км-т Дунд Сэнхэрийн голын баруун биеийн налуу эрэг болох Доод Улаан говийн аманд хүн чулуун хөшөө бүхий түрэгийн дурсгал бий. Эдгээр нь он цагийн хувьд Түрэгийн үед холбогдоно








Дунд-Усны хүн чулуу 
Ховд сумын 12 жилийн дунд сургуулийн хичээлийн байрны өмнө талд нэгэн хүн чулуу бий. Хөшөөг анх 1988 онд илрүүлж судалгааны эргэлтэнд оруулжээ. Хөшөөний хэлбэр төрх, хийц маяг, өмсөж зүүсэн гоёл чимэглэлийг ажихад, Түрэгийн хаант улсын үеийн хүн чулуу урлан бүтээх уламжлалт загварын дагуу бүтээгдсэн байна.
.







Торх улааны хүн чулуун хөшөө 
Торх улааны хүн чулуу нь Ховд сумын нутагт оршдог. Хөшөөний өндөр нь 280 см, өргөн нь 68 см, зузаан нь 26 см. Хүний нүүр ам, нүд, хамар зэргийг тодорхой дүрсэлжээ. Зүүн гарыг тодорхой дүрсэлсэн. Баруун гартаа хундага сав хэлбэрийн зүйл барьжээ. Эл хөшөө нь одоогоор тус аймгийн нутгаас олдоод буй Түрэгийн хүн чулуудаас хамгийн өндөр нь юм.







Таван толгойн хүн чулууд
Таван толгойн хүн чулуун хөшөө нь Ховд аймгийн төвөөс баруун хойт зүгт 23 орчим км-т Буянт голын савд х.ө 470 53/ 676//, д.у 0910. 27/ 150//-ын солбилцолд д.т.д 1531 метрийн өндөрт байрлана.
Хөшөөний газрын гадаргаас дээш өндөр нь 145 см, өргөн нь 45 см, зузаан нь 41 см. Нүүрэн талд нь хөмсөг, нүд, ам, сахал зэргийг тодорхой дүрсэлжээ. Зууван дугуй нүдтэй, ооч сахалтай. Хоёр гартаа ваар сав барьсан. Бүс зүүсэн. Баруун хажуу талд нь чих, мөр, гар зэргийг дүрсэлжээ. Зүүн хажуу талд нь чих, мөр, гар зэргийг бас дүрсэлжээ. Хойт талдаа ямар ч дүрслэлгүй. Хөшөөг саарал өнгийн боржин чулууг засаж хийжээ. Хөшөөг дөрвөлжин хашлага дотор суурилуулжээ. Хашлаганы урт нь 208 см, өргөн нь 207 см болно.



Ховд аймгийн музейн хүн чулууд
Ховд аймгийн музейн үзмэрт хоёр хүн чулуун хөшөө хадгалагдаж буй.
Хүн чулуу-1. Музейн эртний түүхийн танхимд нэгэн хүн чулуун хөшөөний зөвхөн толгойн хэсэг нь бий. Хөх саарал өнгийн боржин чулууг цоолборлож үйлджээ. Өндөр нь 49 см, өргөн нь 23 см, зузаан нь 12 см. Ам, хамар, хөмсөг, чих, эрүү зэргийг тодорхой дүрсэлжээ. Арвай хэлбэрийн нүдтэй. Хөшөөг Мөнххайрхан сумын нутаг Долоон нуураас зөөж авч ирсэн байна.
Хүн чулуу-2. Өндөр нь 30 см, өргөн нь 20 см, зузаан нь 18 см. Уг хөшөөг Чандмань сумын нутаг Бүдүүний шилээс 1950-иад оны дунд үед авч ирж музейн үзмэрт тавьсан байна. Нүүрний хэлбэр дүрсийг маш уран сийлбэрлэсэн байна. Нэлээд шовгор толгойтой боловч энэ нь малгайны хивсгийг дүрсэлсэн бололтой. Жижиг амтай, том нүдтэй, хянга хамартай. Хоёр чихэнд нь урт ээмэг дүрсэлжээ.
Дээрх хөшөөдийн хэлбэр төрх, хийц маягийг ажихад, эртний Түрэгийн хүн чулуу урлан бүтээх уламжлалт загварын дагуу бүтээгдсэн нь илт байна.

Байшин үзүүрийн түрэг бичээс
Байшин үзүүрийн бичээс нь Дарви сумын Мөнгөн аяга багийн нутаг Байшин үзүүрийн Жүргэрийн цагаан толгой хэмээх газар оршино. Бичээсийг 1959 онд түүхч Х.Пэрлээ нутгийн хүмүүсээр заалгаж анх шинжлэх ухааны эргэлтэнд оруулжээ. Гэвч 1970-аад он хүртэл уг бичээсийг хэн ч сонирхон үзэж, уншиж тайлахыг оролдсонгүй. 1969-1970 онд Монгол Зөвлөлтийн хамтарсан шинжилгээний ангийн “Гэрэлт хөшөө хад чулууны бичээс судлах анги” уг бичээсийг газар дээр нь дахин нягтлан үзэж, улмаар түрэгч М.Шинэхүү тайлан уншжээ.
Бичээс буй газар нь том том бор саарал өнгийн боржин чулуу бүхий ихээхэн хадархаг, хоорондоо тасархайтсан хөтөлтэй гурван жижиг цуваа шовх толгод бөгөөд түүний хамгийн урд талын толгойн гурван хадан дээр энэ бичээсийг ухаж бичжээ. Бичээсийн хажуугаар басхүү олон янзын тамга хийгээд амьтны дүрс сийлсэн байна.
Тариатын түрэг бичээс
Манхан сумын төвөөс өмнө зүгт 40 орчим км зайд Оцгийн хэдрээ хэмээх газрын ар бэлд Тариатын өвөлжөө хэмээх хашаатай өвөлжөө бий.  Энэ газрын энгэр талд 3 метрийн өндөрт 80 см өргөн, 135 өндөртэй гонзгой хадан дээр түрэг бичээс бичсэн байна. Бичээсийг гурван мөр бичсэн байна. Үүнийг түрэгч Ц.Баттулгын орчуулснаар сийрүүлбээс:
1.Дуудав би
2.Хоёр овогтоо орон гэр барив
3.энд... гэжээ.
Долоон нуурын Улаан толгойн бичээс
Мөнххайрхан сумын төвөөс баруун зүгт 20 гаруй км зайд Долоон нуурын Улаан толгойн зүүн урд боржин чулуун хаданд гурван хэсэг бичээс бий. Бичээсийг хар бэхээр бичсэн хэдий ч зарим нь он цагийн уртад байгалийн элэгдлээр бүдгэрэн мууджээ. Гурван хэсэг бичээсийн хоёр нь  худам монгол бичгийн хэлбэртэй хэдий ч өдгөөгийн Монгол хэлээр уншиж үл болно.
Бичээсийн нэгнийх нь дээд талд Христос шашны загалмай тэмдгийн хэлбэртэй дүрс байгаа нь сонирхолтой бөгөөд дундад эртний Монголын Хэрэйд, Найман зэрэг аймгуудын дунд Христийн шашны урсгал нэвтэрч байсан мэдээ баримттай ч холбон үзэх талтай. Бичээсийн гурав дахь хэсэг нь Нанхиад хэлбэрийн бичээс юм.
Долоон нуурын Улаан толгойн бичээс нь Монгол орны нутгаас олдож буй анхны сири бичгийн дурсгал болж байгаагаараа чухал ач холбогдолтой юм

Ховд хотын туурь
Ховд хотыг анх 1685 онд Зүүнгарын Галдан бошгот хаан өнөөгийн Ховд голын савд байгуулжээ. Хотын туурь эдүгээ Ховд хотоос 40 орчим км зайд Ховд сумын Баруун салаа багийн нутаг Ховд голын хөвөөний Улаан харгана хэмээх газар буй. Хотын тууриас 4 км зайд Ховд гол байрлаж байна. Ховд голын хөвөөнд буй эл хотын туурь, үлдэц, овон товон далан бүхий зүйлийг нутгийн ардууд “хэрэм” гэж нэрлэнэ

Сангийн хэрэм
Манж нар Зүүнгарын хаант улсыг эзэлж авсныхаа дараахан 1762 онд Манж чин улсын Ховдын хязгаар хэмээх засаг захиргааны нэгэн нэгжийг эмхлэн байгуулжээ. Тэр цагаас эхлэн Манж нар Ховдод Сангийн хот буюу хэрмийг барьж байгуулжээ. XIX зууны үеэс Ховд хот нь Сангийн хот, худалдааны дүүрэг буюу маймаачин, Түгээмэл амаржуулагч хийд хэмээх гурван хэсгээс бүрдэж байв.
Хотын хэрмийн дөрвөн зүгт алсын бараа харах тус бүр нижгээд асар босгож хэрмийн гадна талыг тойруулан усан хаалт байгуулж, түүн дээгүүр хаалга тус бүрийг тосгуулан модон гүүр тавьсан байжээ. Эдүгээ Буянт голын эрэг дээр Сангийн хэрмийн туурь нь үлдэж хоцорсон байна
Маань чулуу 
Алтай сумын нутагт буй Төвд бичигтэй, барилгын суурь, голдоо босоо чулуун хавтанг босгон зоосон байгууламжийг нутгийн ардууд Маань чулуу гэж нэрлэдэг. Дурсгал буй газар х.ө. 46°14.169//, з.у 092°36.556//-ын солбилцолд, д.т.д 1862 метрийн өндөрт оршино.








ЭХ СУРВАЛЖ: http://www.khovd.gov.mn